Иргэд "Нүүрсний хулгай"-чидтай тэмцэх, хариуцлага тооцохыг эрх баригчдаас хүсэж, энэ сарын 4-ний өдрөөс /2022.12.04/ эхлэн Сүхбаатарын талбайд жагссан билээ.
Энэ үеэр буюу арванхоёрдугаар сарын 5-ны өдөр жагсагчид Төрийн ордон руу нэвтэрч, эд хөрөнгөд халдсан хэрэг гарсан. Тэгвэл жагсаал цуглааны үеэр Төрийгн ордон руу нэвтэрч, бусдын өмч хөрөнгөд халдсан зэрэг үндэслэлээр нэр бүхий 7 иргэнийг өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагаас хойшлуулашгүйгээр цагдан хорьсон байна. Тус иргэдийг Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шалгаж байгаа аж.
Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйл.Эд хөрөнгө устгах, гэмтээх
1.Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.