Өнөөдөр /2022.12.21/ төрийн ордонд "Нүүрсний" асуудлаар УИХ-аас нээлттэй сонсголыг зохион байгуулж байна. Мөн 300 гаруй иргэн тус сонсголд оролцохоор бүртгүүлсэн гэх бөгөөд тэднээс 100 гаруй иргэнийг нь хассан талаар албаны эх сурвалж мэдээлсэн. Тэгвэл сонсголд оролцуулахгүй хэмээн нэрээ хасуулсан иргэд Төрийн ордны баруун хаалга дээр хувцсаа тайлж, нүцгэлсэн юм.
Энэ талаар ЦЕГ-аас, “Өнөөдөр нэр бүхий иргэд үзэл бодлоо илэрхийлж төрийн ордны баруун хойд талын хаалган дээр нүцгэлж, Ерөнхий сайдтай уулзах шаардлагыг тавьсан хэрэг гарлаа. Тухайн иргэд цаг гаруй болсон учраас эрүүл мэндийн байгууллагаас амь нас, эрүүл мэндэд хохирол үүсэж болзошгүй гэх үүднээс үзлэг шалгалтыг хийсэн.
Эхний байдлаар хоёр иргэнд осголтын шинж тэмдэг илэрсэн тул яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлсэн. Эрүүл мэндийн байгууллагаас цагдаагийн байгууллагат тухайн иргэдийг яаралтай эмнэлэгт хүргэж, анхан шатны тусламж үзүүлэх шаардлагатай байна гэж хандсан.
Тухайн иргэдэд маш олон удаа сануулж зөвлөсөн. Уг зөвлөгөөг аваагүй учраас тухайн иргэдийг эмнэлгийн байгууллагат хүлээлгэж өгсөн. Манай байгууллагаас хувцсаа тайлж, нүцгэлсэн явдлын шалтгаан нөхцөлийг тогтооно. Эхний ээлжид 13 иргэн байсан нэмэгдээд 26 иргэн хувцсаа тайлсан байдалтай байсан. Эхний ээлжид нэр, хаяг зэргийг тодруулахаар тайлбар мэдээллийг авна” гэв.