Монгол улсын хилээр хар тамхи хууль бусаарнэвтрүүлсэн хэрэгт буруутган Нигерийн хоёр иргэн, Монгол улсын нэг иргэний гэм бурууг шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.
Уг шүүх хуралд Дон, Азеез, н.Ариунзул нар Н.Мандах, Э.Нарангарав, Н.Нарантуяа, н.Сүхээ нарын өмгөөлөгчдийн хамтаар оролцож байна. Нийслэлийн прокурорын газраас дээрх этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 20.7.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж улмаар шүүхэд шилжүүлжээ.
Хуулийн заалтыг нь тодруулбал, Эрүүгийн хуулийн 20.7.2 нь Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Хэргийг эргэн сануулбал, 2019 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Нигерийн дөрвөн иргэн, тэр дундаа сургалтын төвийн багш, 31 настай Адекола Олавасен нь 500 сая төгрөгийн үнэ бүхий хар тамхийг илгээмжээр манай улмын хилээр хууль бусаар нэвтрүүлснийг илрүүлж, баривчилсан. Түүний шуудан илгээмжээс ICE буюу “мөс” гэх төрлийн хар тамхийг хураан авсан байдаг. Энэ хэрэгт Нигери улсын иргэн Анози Парлингтон Дон, Адиоди Елижах Оладапо гэх гурван эрэгтэй, Изичукву Чиома Фавор гэх эмэгтэйг холбогдуулан шалгаж байна.
Дээрх дөрвөн хүн маш их хэмжээний “мөс”-ийг Тайландаас олон улсын шуудан илгээмж болон өмнөд хөршөөс ирж буй Монголыг чиглэсэн хүмүүсээр дамжуулан хил нэвтрүүлдэг, улмаар залууст зардаг байсан нь тогтоогдсон билээ.