Яармагийн түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах гүүр ирэх оны арваннэгдүгээр сард ашиглалтад орно гэв

Яармагийн түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах гүүр ирэх оны арваннэгдүгээр сард ашиглалтад орно гэв

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Яармаг- 1 дүгээр хорооллыг холбох гүүр ирэх жилийн арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа билээ.

Тодруулбал, Энэ төслийн гүйцэтгэгчээр “Мотор сервис”, “Тэргүүн саруул зам”, “Туулын гүүр далай” компаниуд ажиллаж байгаа бөгөөд Яармаг талаас “Мотор сервис”, нэгдүгээр хороолол талаас “Тэргүүн саруул зам” компани гүйцэтгэж гүүрний ажлын явц 36 хувьтай байна. Уг гүүр ашиглалтад орсноор Яармагийн түгжрэл 50 хүртэлх хувиар буурах тооцоолол гарсан бөгөөд төслийн хүрээнд гурван хэсэг гүүр баригдах юм. Эхний гүүр нь Туул голын салаа дээр баригдаж байгаа 37 метр, дараагийнх нь 391 метр бол гурав дахь гүүр нь Дунд гол дээр 55 метр байна.

Энэхүү гүүр нь манай анхны зургаан эгнээтэй, дөрвөн өнцөгт амрах тавцантай, хоёр талдаа явган хүний замтай, 32 метр өргөнтэй болж байна. Энэ талаар “Мотор сервис” компанийн гүүрний инженер С.Оюун-Эрдэнэ, “Ажлаа зогсоохгүйн тулд шаардлагатай материалаа зах зээлийн ханшаар нь худалдан авч ажиллаж байна. Нийт урт 780 метр, 400 метр төмөр бетон гүүр юм. Сүүлийн үеийн гүүрнүүд суурь сайтай, суулт өгдөггүй, олон жилийн турш ачаалал даадаг сайн чанартай болсон. Тэр стандартаар л баригдаж байгаа. Туул гол, урсац ихтэй. Ажил явуулахад нэлээд хүндрэлтэй ч манайх мэргэжлийн компани учир голынхоо онцлогийг судалж, ямар үед үертэй байх, ямар үед үер нь татрах вэ, хэзээ гүн хөлдөх зэргийг нарийн тооцоолж, түүнийхээ дагуу ажлаа гүйцэтгэдэг. Миний үр хүүхэд, ач зээ нар ах дүүс насаараа л энэ гүүр дээр явна. Хотын том асуудлыг шийдэх гүүр болж байгаа учраас олон нийт их анхаарал хандуулж байна. Тэр хэрээр маш их хариуцлага үүрч, ажлаа хийж байна. Санхүүжилт л асуудалгүй бол бид заасан хугацаандаа ашиглалтад оруулж чадна” гэв.

Б.Билгүүн




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө