Цагдаагийн алба хаагч шатаж байсан гэрээс бага насны хоёр хүүхдийг гарган авч амь насыг нь аварчээ. Тодруулбал, Өчигдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 6-д үүрээр 04 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 32-ын тойргын орчимд байрлах гэр шатаж байгаатай таарч улмаар гэрийн хаалгыг нь эвдэн орж хоёр хүүхдийн амийг аварсан байна.
Тухайн алба хаагч хэлэхдээ: “Халтуур хийж байхдаа нэг иргэнийг суулгаад чингэлтэйн эцэст гэр хороолол гудамж дунд буулгах гээд мөнгө төгрөгөө хариулаад зогсож байтал “туслаарай” гээд л нэг биш нилээн хэдэн хүүхэд уйлаад байгаа чимээ сонсогдсон юм. Миний таксинд үйлчлүүлж байсан хүн тэнд айл шатаж байна тооноор нь гал дүрэлзэж байна гэсэн.
Тэгээд бид хоёр шууд очоод гэрийн хаалгыг таттал цоожтой байсан. Хаалгыг эвдэн ороход 6,7 насны хоёр хүү шалдан уйлчихсан хөө тортог болчихсон, орон дээрээ зогсож байсан. Ээж нь ажилдаа явахдаа хүүхдүүдээ цоожлоод үлдээсэн гэсэн. Тэгээд тэрхүү хоёр хүүг гэрээс гаргаад анхан шатны тусламж үзүүлээд холбогдох байгууллагад хандсан. Зүгээр л дотор уйлж байгаа хүүхдүүдийг эсэн мэнд аврах юмсан гэсэн зүйл л бодогдсон. Галаас гаргаж ирээд эрүүл саруул байгааг нь хараад үнэхээр өөрөөрөө бахархсан” гэв.