БНСУ-д суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээг цагдан хорьжээ

БНСУ-д суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээг цагдан хорьжээ

БНСУ-д Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээр сууж байсан Ж.Сүхээг яллагдагчаар тооцон цагдан хорих тухай захирамж уржигдар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч гаргасны дагуу ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 30 хоног саатууллаа.

Түүнийг эрх мэдлээ урвуулан бусдаас их хэмжээний хахууль авч, зуучилсан байж болзошгүй гэх хэрэгт сэрдэн шалгаж эхэлснийг эх сурвалжууд мэдээлэв.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх асан Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээ зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд нийлж, тус улсын иргэнийг залилан мэхэлж гурван сая ам.доллар авсан, нэмж 2013 онд сонгуулийн сурталчилгаандаа хандив болгож 700 000 ам.доллар нэхэж авсан талаар өмгөөлөгч К.Манлайгийн яриа өчигдөр олон нийтийн сүлжээгээр гарах болсон.

Тэрбээр “Би БНСУ-ын иргэн Ү Тэк Гуан гэдэг хүний өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Миний үйлчлүүлэгч 2019 оны есдүгээр сарын 11-нд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын ерөнхий прокурор зэрэг албан тушаалтнуудад хандаж өргөдөл гаргасан. Түүндээ гурван сая ам.доллароо төрийн өндөр албан тушаалтнуудад залилуулсан талаараа дурдсан байгаа. Яагаад ингэж оройтуулж өргөдөл гаргасан бэ гэхээр Монгол Улсад цаг эргэж, хэрэг нааштай шийдэгдэх боломжтой боллоо. Өмнө нь өргөдөл өгөхөд огт шийдэгдэж байгаагүй” гэж тайлбарладаг.

Миний үйлчлүүлэгч өөрийнхөө нэг сая ам.доллароор Монгол Улсын гэр хорооллын иргэдэд шалны халаалтын систем нэвтрүүлэхээр болж төсөл хэрэгжүүлсэн. Тэр үедээ Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж асан Ж.Сүхээтэй танилцаж, П.Цагаан, Л.Пүрэвсүрэн нартай уулзсан байдаг. Улмаар дээрх хүмүүс нь 10 сая ам.долларын ханштай алтны орд газрыг таван саяар өгөхөөр боллоо гэж миний үйлчлүүлэгчид хэлсний дагуу бизнесийн хувьд ашигтай санал гэж үзээд гурван сая ам.доллар шилжүүлсэн.

Улмаар лицензийг нь авч 400 000 ам.долларын хөрөнгө оруулж хайгуул хийж нөөц нь худлаа батлагдсаныг тогтоолгосон. Ингээд ЦЕГ, ТЕГ-т өргөдөл гаргаж байсан юм билээ. Мөрдөн байцаах газар, тагнуулын байгууллага хэргийг удаа дараа хааж, прокурор ч үл мэдэгдэх шалтгаанаар төрийн нууцад авсан” хэмээн ярьсан юм.