-Д.ОДБАЯР ДАРГАТАЙ ХАМТ БАЙСАН ИРГЭНИЙН ОЛТОЛ ТҮҮНИЙГ СУЛЛАХГҮЙ ГЭЖЭЭ-
Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өнгөрсөн аравдугаар сарын 31-ий өдөр "Korean Air" компанийн нисэх онгоцоор Сөүл хотыг зорих үедээ онгоцны үйлчлэгч болох 20 настай эмэгтэйн биед зөвшөөрөлгүй хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн гэх асуудал өнөөдрийг хүртэл олны анхаарлын төвд байна.
Асуудал үүсэхтэй зэрэгцээд Үндсэн хуулийн Цэцээс мэдэгдэл гаргаж, Д.Одбаяр дарга ямар ч асуудал тариагүй. Харин хойд талын суудалд нь сууж явсан монгол хүнийг өмөөрсөн гэх утгатай мэдэгдэл гаргасан. Харин "Korean Air" компанийнхан үйл явдал болж өрнөсөн бичлэгийг цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн байна. Д.Одбаяр дарга өнөөдөр Солонгост саатуулагдаж шалгагдаж эхлээд буй.
Харин түүнтэй хамт үйлчлүүлж байсан Монгол иргэн болох 42 настай А-г тус улсаас эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа юм байна. Мөн А-г Солонгос улсаас олон улсад эрэн хайх хүсэлт гаргасан гэх бөгөөд байршлыг нь олж тогтоож өөрийн улсдаа авчирч шалгах хүртэл Д.Одбаяр даргыг суллахгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Д.Одбаяртай хамт нисэх онгоцоор үйлчлүүлсэн Монгол Улсын иргэн А нь хэрэг шалгагдаад эхэлмэгц Солонгос улсын Инчеон дахь онгоцны буудлаас Сингапур улс руу ниссэн байна. Одоогоор тэндээ байгаа эсэх нь тодорхойгүй байгаа ба Олон улсын Интерполын шугамаар эрэн хайж болзошгүй нөхцөл байдал үүсчээ.
Бид энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "БНСУ-д хэрэгт холбогдоод байгаа 42 настай иргэн А нь Монгол Улсын хилээр орж ирээгүй байна" гэсэн мэдээллийг өгч байна.
БНСУ иргэн А-г өөрийн улсдаа авчирч хуулийн дагуу шалгана гэдгээ илэрхийлээд байгаа аж. Зарим албан бус эх сурвалжийн мэдээлснээр, 42 настай иргэн А нь Д.Одбаяр даргын туслах гэж албан бус мэдээлэл өгч байна.