"МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний ажлаа өгөх хугацаа болоогүй" гэж Д.Сарангэрэл мэдэгджээ

"МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний ажлаа өгөх хугацаа болоогүй" гэж Д.Сарангэрэл мэдэгджээ

МАН-ын ээлжит Бага хурал маргааш /2022.12.06/ болно.  Тэгвэл тус хурлын өмнө буюу энэ сарын 01-ны өдөр Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны хурлыг хуралдуулах товтой байсан ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан юм.

Тус хурлаар холбооны тэргүүнийг шинээр сонгон томилно. Ингэхдээ Соёлын сайд Ч.Номинг томилж магадгүй гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. Тэгвэл энэ талаар НАМЭХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл  байр, сууриа илэрхийлжээ.

Тодруулбал, тэрбээр "Энэ байгууллагын удирдлагыг солих гэсэн сонирхол явж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ манай холбоо өөрийн гэсэн дүрэмтэй. Дүрмээрээ Ерөнхийлөгчийн хугацаа дөрвөн жил байдаг. Миний хугацаа болоогүй байгаа. 2023 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр дуусах юм. 

Ямар ч байсан одоогийн байдлаар тэргүүн өөрчлөх санал хэлэлцэх талаар дарга нартайгаа ярилцаагүй байгаа. Би Х.Булгантуяа, Ч.Номин нарын талаар мэдэх зүйл алга. Хувь хүмүүс өөрсдөө сонирхолтой бол тэр сонирхлоо илэрхийлээд явах нь нээлттэй шүү дээ" гэжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Соёлын сайд Ч.Номинг НАМЭХ-ны тэргүүнд дэмжиж магадгүй гэх мэдээлэл байгаа юм. Харин холбооны гишүүд болон УИХ дахь эмэгтэй гишүүдийн зүгээс УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг томилох хүсэлтэй байгаагаа дотооддоо ярилцсан гэж буй.