Казахстаны сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ энэ сарын 20 /2022.11.20/-ны өдөр тус улсад болсон ээлжит бус Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнг нэгтгэн дөнгөж сая /2022.11.21/ танилцуулжээ. Тодруулбал, сонгуулийн дүнгээр Ерөнхийлөгч К.Ж.Токаев 81.31 хувийн санал авсан бол, бусад нэр дэвшигчид 2-3 орчим хувийн санал авсан байна.
Энэ талаар тус улсын СЕХ-ны дарга Н.Абдиров хэлэхдээ, “санал хураалтад нийт 8,3 сая хүн оролцсон нь тус улсын нийт сонгогчдын бараг 70 хувь нь байна. Үүнээс бараг 6.5 сая хүн К.Ж.Токаевын төлөө саналаа өгсөн байна” гэжээ. К.Ж.Токаевын одоогийн бүрэн эрхийн хугацаа 2024 онд дуусгавар болох бөгөөд тэрбээр дахин долоон жилийн хугацаатай ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой болж байна. Казахстаны анхны ерөнхийлөгч Н.Назарбаев өөрийн хүсэлтээр огцрох тухай зарлигт гарын үсэг зурсны дараа К.Ж.Токаев 2019 онд Казахстаны ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээж авсан юм.
Эх сурвалж: Varlamov news