Улсын дээд шүүх /УДШ/-ээс “АН-ын дарга буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хүн одоогоор байхгүй” гэсэн тогтоолыг гаргасан ч, С.Эрдэнэ болон Х.Баттулга нар өөрсдийгөө тус намын дарга хэмээж, тус бүрдээ Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүдийг тодруулаад байгаа аж.
Учир нь ҮБХ бол “АН-ын эрх барих дээд байгууллага” бөгөөд намын дарга болон бусад удирдлагуудыг сонгох, чөлөөлөх бүрэн эрхтэй ажээ. Иймд тэд ҮБХ-ны өмнөх гишүүдийг өөрчлөх сунгааг 2021 оноос хойш удаа дараа хийж, өөрт ашигтай шийдвэрийг гаргах болжээ.
-2017-2020 ОНЫ ХУГАЦААНД СОНГОГДСОН ҮБХ-НЫ 396 ГИШҮҮНИЙ НЭРС УДШ-Д АГУУЛАГДАЖ БАЙГАА НЬ ИЛЭРЧЭЭ-
Тэгвэл тус намын зарим гишүүд Захиргааны хэргийн шүүхэд “УДШ-ийн архивт АН-ын ҮБХ-ны ямар гишүүд бүртгэлтэй байгааг тодорхой болгож өгнө үү” гэсэн утгатай хүсэлтийг гаргасан байна. Энэ дагуу өнгөрөгч Мягмар гараг /2022.11.15/-т Захиргааны хэргийн шүүхээс УДШ дахь АН-ын хуулийн этгээдийн хувийн хэрэгт “үзлэг” хийжээ.
Ингээд шүүхийн үзлэгээр 2017 оны 05 дугаар сарын 06 /2017.05.06/-ны өдөр хуралдсан АН-ын 8-р Их хурлын ҮБХ-ны гишүүдийг сонгож, байгуулах тухай 7-р тогтоол, түүнчлэн тус намын Дотоод сонгуулийн хорооны 2020 оны 03 дугаар сарын 30 /2020.03.03/-ны өдрийн байдлаар баталгаажуулсан АН-ын ҮБХ-ны 396 гишүүдийн нэрс УДШ-д агуулагдаж байгаа нь илэрсэн байна.
Сонирхуулахад, “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 10.1.12-т “хуулийн этгээдийн эрх барих этгээдийн гишүүдийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэл хуулийн этгээдийн хувийн хэрэг дараах мэдээллийг агуулна” гэж заасан байдаг ажээ. Иймд АН-ын тухайд эрх барих этгээд нь тус намын дүрэмд зааснаар Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ гэх байгууллага бөгөөд гишүүдийн нэрс нь Улсын дээд шүүхэд агуулагдаж байгаа нь албан ёсны эх сурвалж гэж үзэж болох ажээ.
Учир нь аливаа хуулийн этгээдийн талаарх мэдээллийн талаар ямар нэр маргаантай асуудал үүсвэл хуулийн этгээдийн хувийн хэргээс лавлагаа авч маргаантай асуудалд цэг тавьдаг байна. Иймээс С.Эрдэнэ, Х.Баттулга нарын 2020 оноос хойш тодруулсан АН-ын ҮБХ-ны гишүүдийнх нь бүрэн эрх туйлын эргэлзээтэй байдлыг үүсгэж байгаа ажээ.