Өнгөрөгч есдүгээр сарын 15-ны өдөр Сэлбэ голын эрэг орчимд эмэгтэй хүний зэрэмдэглэн орхисон цогцос байсан гэх аймшигт мэдээлэл нийтэд хүрсэн байдаг.
Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс болон Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн Эрүүгийн мөрдөгчид өдөр, шөнөгүй тасралтгүй ажилласны дүнд хохирогч эмэгтэйг бүлэглэн амь насыг нь зэрлэг балмадаар бүрэлгээд хэргийн газраас зугтсан гурван этгээдийг есдүгээр сарын 18-ний өдөр Буянт-Ухаа орчмоос дайчлан баривчилсан билээ.
Харин уг хэрэг өдгөө мөрдөн байцаах ажиллагаа дуусч хэрэг нь прокурорын шатанд шилжжээ.
Хэргийг тодруулбал, Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутагт байрлах Сэлбэ голын эргээс 48 настай эмэгтэйг хүчирхийлэн, зодож амь насыг нь бүрэлгээд зугтсан аймшигт хэрэг гарсан байдаг. Цагдаагийн албан хаагчид хэргийн газарт очиж шалгахад эмэгтэйн биед олон тооны ил харагдах шарх зодуулсны улмаас үүссэн байсан бөгөөд бэлгийн хүчирхийлэлд өртөн, нүцгэн байдалтай амьсгал хураасан байсан аж. Урьдчилсан шалгалтаар амь хохирогч нь тус дүүрэгт оршин суух хаягтай, 48 настай О болох нь тогтоогдсон. Амь хохирогч баруун чихний орчим шархтай, зүүн буглаг зүүн мөрөнд олон тооны шарх үүсэн байсан ба хүчиндүүлсний улмаас их хэмжээний цус алдсан байдалтай олдсон юм.