Сайжруулсан сайн түлш гэр хорооллын иргэд түлж улмаар гэртээ унтаад эргэн сэрэхгүйгээр нас барсан харамсалтай тохиолдлууд аравдугаар сард гарсан. Харин угаартаж нас барсан тохиолдол бүрийг албаныхан иргэдийн галлагаа буруу, зуухны аюулгүй байдал чанарын шаардлага хангахгүй байгаагаас үүдэж буй хэмээн тайлбарлаж байгаа билээ.
Гэхдээ гэр хорооллын иргэд олон жил гал түлэх үед угаар гарч байсан хэдий ч ингэж олноороо нас барж байгаагүй. Харин энэ жил утаагүй нүүрс түлснээр угаартаж хайртай дотны хүмүүсээ цаг бусаар алдсаар байгаад ихээхэн гомдолтой байгаа. “Угаартаж нас барж байна” гэсэн мэдээллийг авсан гэр хорооллын иргэд сайжруулсан шахмал түлш түлэхээс айдастай байгаа тухайгаа хэлж байгаа юм.
-УГААРТАЖ НАС БАРСАН 3 НАСТАЙ ОХИНОО ЭЭЖ НЬ НЭХСЭЭР БАЙНА-
Хамгийн сүүлд гурван настай охин ээжийнхээ энгэр унтаад өглөө сэрээгүй амьсгал хурааж, ээж нь ухаангүй Хордлогын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгааг бид сурвалжлан хүргэсэн билээ.
Өдгөө охины ээж ухаан орсон ч ухаан санаа балартаж тэврээд унтсан үрээ дахин ирэхгүй явсаныг мэдээгүй гэр бүлийнхнээсээ охиноо нэхэж гансарч байгаа тухай ар гэрийнхэн нь мэдээлж байна. Одоогийн байдлаар охины ээж 30 настай эмэгтэйн бөгсөн бие мэдээгүй болж, ой ухаан нь орж гарч биеийн байдал тааруу байгаа аж.
-ГУРВАН НАСТАЙ ОХИН ХОЁР ЭГЧИЙНХЭЭ ХАМТ УГААРТАЖ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЖЭЭ-
Гэтэл арваннэгдүгээр сарын 1-ний өдөр дахин нэг иргэн гэртээ угаартсан байдалтай нас барсан хэрэг гарсан байна Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 13-р дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рашаантын гудамжинд 26 настай эрэгтэй М нь өөрийн амьдардаг гэрт угаартаж нас барсан байжээ. Ингэхдээ гэрийнхээ өрхийг бүтээж, яндангаа зуухнаасаа салгаж тавьсан байдалтай амьсгал хураасан байсан аж.
Мөн тухайн өдөр Чингэлтэй дүүргийн 12-р дугаар хороонд байрлах Булагийн гудамжинд гурван хүн угаартсан байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тухайн гэр 20 настай эмэгтэй Б, 17 настай эмэгтэй У, 3 настай эмэгтэй И нар байсан бөгөөд гурвуулаа хүнд хэлбэрээр угаартсан байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогийн байдлаар Хордлогын үндэсний төвд хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаа юм байна.
Дээрх угаартсан гэх дуудлага мэдээллийн дагуу Онцгой байдлын алба хаагчид болон цагдаагийн байгууллагаас тухайн айлын зуухнаас дээж авч шинжилгээнд хамруулахаар явуулсан байна. Мөн гэрээс нь сайжруулсан шахмал түлш гэсэн бичигтэй утаагүй нүүрс байсныг хураан авчээ.