АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Флорида муж улсын Палм-Бич хот дахь Мар-а-Лаго эдлэнгээсээ мягмар гараг /2022.11.15/-т мэдэгдэл хийж, "АНУ-ын 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө" гэдгээ зарлажээ.
Өдгөө 76 настай Д.Трамп 2017-2021 оны хугацаанд АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан бөгөөд 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Жо Байденд ялагдсан ч, энэ сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байдаг.
Дональд Трамп мэдэгдэл хийх үеэрээ “Америкийг дахин агуу хийгээд алдар суутай болгохын төлөө миний бие АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсноо мэдэгдэж байна” гэжээ. Харин АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Ж.Байдены хувьд өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийх үеэрээ, ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх бодолтой байгаагаа илэрхийлээд, албан ёсны шийдвэрээ “ирэх оны эхээр” гаргана гэж хэлсэн юм.
Эх сурвалж: CNN