Дэлхийн удирдагчид өчигдөр /2022.11.15/ Индонезид “Их 20”-ийн уулзалтад оролцож, Украины эсрэг ОХУ-ын хийж буй дайныг буруушааж байх үеэр нийслэл Киев хот руу Оросууд пуужин харваж, Печерскийн дүүргийн орон сууцны гурван барилгыг сүйрүүлсэн хэрэг гарсан.
Тэгвэл энэ үеэр Украины хилийн ойролцоох Польшийн тосгонд пуужин унаж, хоёр энгийн иргэн амиа алдсан гэх мэдээлэл олон улсын хэвлэл дээр гарч эхлээд байна.
Харин Польшийн Ерөнхийлөгч А.Дуда энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, "Одоогоор бидэнд энэ пуужинг хэн хөөргөсөн талаар баттай нотлох баримт байхгүй. Энэ нь Орост үйлдвэрлэсэн пуужин байх магадлалтай, гэхдээ одоогоор энэ бүгдийг шалгаж байна" гэж мэдэгдээд байна. Харин НАТО-гийн санааг зовоосон энэхүү үйл явдал нь Киев, Москва хоёрыг "үгийн дайн"-д хүргээд байна. Тодруулбал, ОХУ-ын тал энэхүү үйл явдлыг “Киевийн зүгээс бусад улсыг мөргөлдөөнд татан оролцуулах зорилготой “өдөөн хатгалга” гэж тайлбарласан бол, Украин энэ нь Оросын “хуйвалдааны онол” гэж мэдэгдээд байна.
Эх сурвалж: BBC