СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн Сургууль, БНПУ-ын Элчин сайдын яамтай хамтран Польшийн кино өдөрлөгийг 11 дэх удаагаа зохион байгуулах гэж байна.
Элчин сайдын яамтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Польшийн кино урлагийг сурталчлан таниулах, телевиз киноны чиглэлээр сурч буй оюутнуудын мэдлэгийн цар хүрээ, сурах идэвхийг сайжруулан нэмэгдүүлэх зорилгоор Польшийн кино өдөрлөгийг зохион байгуулдаг билээ.
Энэхүү өдөрлөгийн хүрээнд Польшийн урлаг судлаач Кайя Климек “Цахим орчинд кино шүүмж бичиж уншигчдад хүргэх арга зүй” сэдвээр 2022 оны арваннэгдүгээр сарын 14-17 өдрүүдэд мастер класс сургалт хийх юм.
Тэрбээр “Kajutex” кино шүүмжийн youtube сувагтай бөгөөд кино, поп урлаг, комикс болон уран зохиолын шүүмж бичдэг. Мөн Польшийн “Радио 4” сувагт кино шүүмжийн булан хөтлөн явуулдаг бөгөөд Варшавын Муранов кино театрт кино клуб удирддаг. Гдыня хотын, Краковын, Вроцлавын, Варшавын кино наадмуудад хөтлөгчөөр ажилладаг аж.
Мөн урлаг судлаач Кайя Климекийн “Цахим орчинд кино шүүмж бичиж уншигчдад хүргэх арга зүй” мастер класс сургалт РТМУС-ийн Дебют театрт кино сонирхогч хэн бүхэнд нээлттэй болох юм.