ТУРКИЙН ЦАГДАА: Худалдааны гудамжинд халдлага үйлдэх тушаал Кобанигаас, халдлагыг үйлдэгч нь Афринаас ирсэн

ТУРКИЙН ЦАГДАА: Худалдааны гудамжинд халдлага үйлдэх тушаал Кобанигаас, халдлагыг үйлдэгч нь Афринаас ирсэн

Туркийн Истанбул хотын хөл хөдөлгөөн ихтэй худалдааны гудамжинд амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсний улмаас зургаан хүн амиа алдаж, 80 гаруй хүн шархадсан харамсалтай осол гарсан.

Улмаар  Туркийн цагдаа нар ням гараг /2022.11.13/-т тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй хүнийг баривчилсан гэж тус улсын Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу мэдэгдлээ.

Тэрбээр мэдэгдэлдээ,  "Бейоглу дүүрэгт бөмбөг тавьсан этгээдийг Истанбулын аюулгүй байдлын газрын ажилтнууд баривчилсан. Террорист халдлагын ул мөр Сири рүү хөтөлж байгааг нотлох баримт байгаа бөгөөд Туркийн эрх баригчид террорист байгууллага гэж үздэг бүлэглэлүүд үүнд оролцсон байж магадгүй. Мөн одоогоор халдлагыг үйлдэхэд оролцсон байж болзошгүй 20 гаруй хүнийг баривчилсан. Бидний тооцоолсноор, халдлага үйлдэх тушаал Кобанигаас ирсэн бол халдлагыг үйлдэгч нь Афринаас ирсэн” гэжээ. 

Түүнчлэн Истанбул хотын захирагч Али Ерликая твиттер хуудсандаа мэдээлснээр, 50 хүн эмнэлгээс гарсан бөгөөд 31 хүн эмчийн хяналтад байгаа бол эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн таван хүний хоёрынх нь биеийн байдал хүнд хэвээр байгаа аж.