ӨМӨЗО-ны жүжигчин Б.Отгон: Монгол Улсад очиж эх хэлээрээ кинонд дүр бүтээхийг мөрөөддөг /ВИДЕО/

ӨМӨЗО-ны жүжигчин Б.Отгон: Монгол Улсад очиж эх хэлээрээ кинонд дүр бүтээхийг мөрөөддөг /ВИДЕО/

Дэлхийн тавцанд нэрээ мөнгөлж буй. Алдарт уран бүтээлчид, нэрт жүжигчдийг бид харж, сонсож зүрх сэтгэлээсээ дэмжсээр байдаг. Аз таарвал амьдралдаа харж, зөрж өнгөрөх нь ч бий. Гэхдээ тэр бүр тэдэнтэй хамт дүрээ мөнхлөх завшаан тохиохгүй шүү дээ. Иймд бид энэ удаагийн Social ID буландаа бидний сайн мэдэх дэлхийн алдарт жүжигчин Жеки Чантай хамтран дүр бүтээсэн ӨМӨЗО-ы найруулагч, жүжигчин Батнасангийн Отгоныг онцоллоо. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу. 

ВИДЕО:

-Сайна уу. Та юуны түрүүнд манай үзэгч болон уншигчдад өөрийгөө танилцуулаач? 

-Сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би Хятад Улсын Өвөр монгол орны Өвөр  монголын Урлаг жүжгийн хүрээлэнгийн найруулагч, жүжигчин Отгон байна.

-Мэдээж жүжигчин болоод олон кинонд дүр бүтээсэн байх. Тэр дундаас Жеки Чантай хамтран тоглосон киног хүмүүс их онцолдог. Энэ талаар дурдвал? 

-Тиймээ. Уг нь би 13 настайгаасаа буюу 2001 оноос эхлэн кинонд тоглож эхэлсэн. Харин Жэки Чантай 2014 онд нэг кинонд хамт дүр бүтээсэн юм. Тэгээд олон хүмүүс намайг таньдаг болсон. Алдартай хүнтэй хамт кинонд орохоор хүмүүс их анзаардаг юм шиг байна лээ. 

-Жеки Чаны тухай сэтгэгдлээ хуваалцвал. Түүнийг бодитоор харах нь ховор тохиолдол гэж хэлж болох байх. Мөн түүнтэй хамтран кинонд тоглосон Монгол хүн байдаггүй шүү дээ. 

-Тэгэлгүй яах вэ. Гайхалтай мөч байсан. Кинондоо тоглохоор очоод Жэки Чантай уулзсан. Бид хоёрын зураг авалтын хэсэгт олон хүн цуглараад "Жеки Чан байна" гэж хашхираад тойроод зогсож байсан. Зураг авалтаа дуусаад би "Ахаа тантай зургаа авхуулж болох уу" гэж асуусан юм. Жеки Чан "За тэгье. Энэ олон хүнийг явсны дараа хоёулаа зургаа авхуулъя" гэсэн. Тэгээд хүмүүс явсны дараа намайг дуудсан. "За миний дүү наашаа хүрээд ир. Хоёулаа зургаа авхуулъя" гээд зургаа авхуулсан. Тэр үед ерөөсөө хүн мундаг байх тусмаа даруухан байдаг юм байна. Жеки Чан дэлхий дахинд нэртэй. Алдартай хүн. Хүн болгон мэддэг шүү дээ. Тийм мундаг хүн атлаа тийм даруухан. Ер нь хүн гэдэг тийм л байх ёстой юм байна гэж бодсон.

Б.Отгон

-МОНГОЛ УЛСААС УТСААР ЯРЬЖ, БАЯР ХҮРГЭСЭН ХҮН НАДАД МАШ ИХ УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ӨГСӨН-

-13 настайгаасаа эхлэн дүр бүтээсэн гэхээр олон кинонд дүр бүтээж энэ мэт гайхалтай явдлууд тохиолдож байсан байх. Тэр дундаас онцлон хэлэх, сэтгэлд тань үлдсэн дурсамжаасаа бидэнтэй хуваалцаач? 

-Хүн яг асуухаар тулгамдаад яг сайн санаанд ордоггүй юм байна. Би энэ хугацаанд нийтдээ арав гаруй кинонд гол болон туслах дүр бүтээсэн санагдаж байна.  Гэхдээ онцлох нэг сайхан зүйлийг огт мартдаггүй юм. 2002 онд Өвөр монголын "Сумьяагийн сонголт" гэдэг кинонд би гол дүрийн эрэгтэйн дүрд тоглосон юм. Тэр үед намайг хамгийн их догдлуулж, баярлуулсан зүйл нь Монгол Улсаас нэг хүн надтай утсаар ярьсан. "Сайн байна уу. Миний хүү Монгол Улсаас ярьж байна. Энэ кинонд чи маш сайн тоглосон шүү. Чамд баяр хүргэе. Ямар сайхан болоо вэ" гэж надад сэтгэлийн дэм, эрч хүч өгсөн. Тэр утсаар ярьсан хүндээ энэ сайхан нэвтрүүлгээр дамжуулан баярлалаа гэж хэлмээр байна. Хэдийгээр танихгүй боловч гоё байсан.

-Одоо таны ажил амьдралын талаар ярилцъя. Хэсэг уран бүтээлээсээ завсарласан гэж сонссон? Яагаад эргэн кинондоо тоглох болов? 

-Амьдралын хувьд гэвэл эхнэр охин хоёрын хамтаар аж төрөн сууж байна. Би 2014 оноос Өвөр монголын Урлаг жүжгийн хүрээлэнд найруулагч, жүжигчнээр ажиллаж эхлээд ажлаа сайн хийхийн тулд хэсэг кинонд бараг яваагүй. 2021 оноос эхлээд дахин киноны ажилдаа явж эхэлсэн. Арай завтай болоод уран бүтээлийн ажилдаа орсон гэх юм уу. Одоогоор Хятадын алдарт найруулагчийн кинонд нэлээд алдартай жүжигчдийн хамтаар тоглож байгаа. Кино маань удахгүй нээлтэй хийж Өвөр монгол болон Хятадын бүр кино театраар гарч эхэлнэ. 

-ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ГОО САЙХАН БОЛОН ХҮНИЙ ЭМЗЭГ БАЙДЛЫГ ЭЛЭГЛЭЖ ХҮН ИНЭЭЛГЭХ НЬ НАДАД ТААЛАГДДАГГҮЙ-

-Театрын хошин жүжгийн найруулагч, жүжигчнээр ажилладаг гэсэн шүү дээ. Та Монгол Улсын хошин жүжиг үздэг үү. Мэргэжил нэг хүний хувьд ямар санагддаг вэ? 

-Үзэлгүй яах вэ. Надад бараг үзээгүй жүжиг байхгүй байх. Киног нь ч их үздэг. Монгол Улсын хошин жүжигт маш их дуртай. Тэднээс сурах зүйл маш их байгаа. Миний хамгийн дуртай биширдэг жүжигчид гэвэл Маскийн Эрдэнэзаан, Мөнхсайхан, Баярмагнай. Нэг жижиг сэдвээс санаа аваад гоё болгодог. Тэр нь надад таалагддаг. 

-Харин шүүмжийн хувьд. Урлагийн салбарт шүүмж гэдэг нь зөвлөгөөтэй адил тустай. Таны хувьд монголын хошин урлагийн дутагдалтай тал нь юу байв? 

-Юуны түрүүнд миний хувийн бодол гэдгийг дурдъя. Ганц Монгол Улсад биш дэлхийн бүхэл улсын хошин урлагт янз бүрийн элэглэл байдаг. Тэрийг би хүлээн зөвшөөрнө. Гэхдээ надад хамгийн их таалагддагүй нь хүний эмзэг байдлаар тоглох эсвэл эмэгтэй хүнийг сайхан талаас нь бус бүдүүн муухай гэх мэт бие бялдраар нь хүнийг инээлгэдэг тэр талд нь би их дургүй байдаг юм. Өнөөдөр хүнийг шоглон дуурайж инээлдэж болно. Гэхдээ түүний ард тэр хүний сэтгэлзүй. Гэр бүл, хамаатан садан гээд олон хүн шаналж үлдэх нь мэдээж. 

-Ярилцах үед анхаарал татсан юм. Таны аялга бараг л цэвэр Халх аялга гэж хэлж болохуйц байна. Хятадын телевизэд өгсөн ярилцлагыг үзэхэд мөн л ийм байсан. Та яаж ийм цэвэр аялгатай ярьдаг болсон бэ? 

-Миний хувийн хичээл зүтгэл гэх юм уу даа. Ерөөсөө хүн хүнээс сайхан зүйлсийг нь сурах ёстой гэж боддог. Жишээ нь би заавал Халх аялгаар ярих биш нутаг нутгийн авиа, аялгаар нь ярья гэж боддог юм. Бид Хятад хэлээр яривал цэвэрхэн хятадаар яриад, Монгол хэлээр яривал монгол үгээ цэвэрхэн, сайхан хэлж монголоороо яривал гоё санагддаг. Энэ миний зорилго  буюу хувийн "хөөрхөн" бодол юм аа.  

-Та хэдийнээ алдартай болсон жүжигчин. Мөн олон дэлхийн хэмжээний ододтой дүр бүтээж амжилтай ахиулж яваа хүн. Тэгэхээр энэ бүхнээс өөр зорьж буй мөрөөдөл байдаг уу? 

-Би боддог. Их мөрөөддөг нэг зүйл байдаг юм. Тэр нь "Монгол Улсад очиж нэг сайхан кинонд өөрийн эх хэлээрээ ярьж сайхан дүр олж тогловол ямар гоё байх бол" гэж боддог юм. Мөрөөдөж явахад хүсэл биелдэг гэдэг шүү дээ. Тэгэхээр нэг өдөр нээ мөрөөдөл маань биелэх байх гэж боддог. 

-Сэтгэгдлээ чөлөөтэй илэрхийлсэн танд баярлалаа. Монгол Улсын нэврүүлэгт орж байгаагүй байх. Тиймээс энэ талаарх сэтгэгдэл болон хэлэх үгийг тань сонсоод ярилцлагаа өндөрлөе. 

-Тиймээ. Анх удаа оролцож байна. Надтай холбогдсон та бүхэнд маш их баярлалаа. Энэ завшааныг ашиглаад үзэж, уншиж буй хүн хүмүүст эрүүл энх, аж жаргалыг хүсье. Мөн Монгол Улсын олон сайхан жүжигчдийг маш их хүндэлж, бахархдаг шүү. Тэр сэтгэлийг минь дамжуулж өгөөрэй гэж хэлмээр байна. Та бүхэнд дахин баярлалаа.