ВИДЕО: "Нүхтийн ам"-ны Янгирын сүрэг усандаа орж чадахгүй, нүүдэллэн дайжих болжээ

ВИДЕО: "Нүхтийн ам"-ны Янгирын сүрэг усандаа орж чадахгүй, нүүдэллэн дайжих болжээ

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн тушаалаар энэ сарын 10 /2022.11.10/-ны өдрөөс эхлэн Богдхан уулын Дархан цаазат газрын "Нүхтийн ам"-нд газар ашиглах, эрх шинээр олгохыг хориглосон шийдвэрийг гаргасан. Учир нь тус уулын аманд 1985 онд нутагшуулсан Янгирын сүрэг хорогдох, нүүдэллэн дайжих нөхцөл бүрдсэн тул ийнхүү шийдвэр гаргасан бололтой. 

ВИДЕО:

Тодруулбал, Богдхан уулын газарт хэт төвлөрөл үүсэж, холбогдох хууль, дүрэм журам зөрчигдөж, байгалийн ашиглалтын нөөц даац хэтэрч амьтан, ургамлын нөмрөгт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тулгарч байгаатай холбогдуулан Богдхан уулын Дархан цаазат газрын Нүхтийн аманд газар ашиглах эрх шинээр олгохыг хориглосон шийдвэрийг хожуу ч гэсэн Б.Бат-Эрдэнэ сайд гаргасан бололтой.

-"НҮХТИЙН АМ"-НД НУТАГШУУЛСАН ЯНГИРЫН ТОО ТОЛГОЙ 250-Д ХҮРСЭН Ч УНДААЛДАГ ГОЛ ГОРХИЙГ БАРИЛГА, БАЙГУУЛАМЖ ХААСНААР НУТАГШУУЛСАН ГАЗРААС ДАЙЖИХАД ХҮРЭЭД БАЙНА-

Сонирхуулахад, "Нүхтийн ам"-нд анх 1985 онд Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулнаас таван тэх, найман эм ямаа, хоёр борлон, мөн 2004, 2009 онуудад Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас цус сэлбэх зорилгоор 2-4 насны тус бүрдээ гурав гурван янгир авчирч нутагшуулсан ажээ. Харин одоо тэдний тоо толгой нь 250 гаруй болж өссөн хэдий ч, ундаалахаар бууж ирэх сүргийн усны эх, гол горхийг хааж барилга, байгууламж, хашаагаар хаасан нь тус амьтадыг нутагшуулсан газраас нүүж шилжихэд хүргээд байна.

Энэ талаар Нүхтийн амны оршин суугчид болон харуул хамгаалалтын ажилчдын хэлж буйгаар сүрэг янгир өглөөний 08:00 цагийн орчимд хужир долоож, ундаалахаар доош бууж ирэн хүмүүстэй илүү ойртдог байна.

Иймд хэт төвлөрөл үүсгэсэн Нүхтийн амны газруудад зохион байгуулалт хийж, ан амьтан чөлөөтэй бэлчих, жим, зам гаргах мөн дүрэм журам зөрчиж газар олгосон эрхтэн дархтан, иргэдтэйгээ ажиллах нь илүү оновчтой шийдэл болоод байгаа аж. Мөн ойролцоох оршин суугч иргэд өөрсдийн зардлаар янгирын сүрэгт дахин селекци хийж цус холдуулах зорилгоор холбогдох газруудын зөвшөөрлийг авч, ирэх жил Өмнөговь аймгаас цөөн тооны янгир авчирч нутагшуулахаар болжээ.