АНУ-ын Конгрессын танхим болон Сенатын гишүүнийг сонгох “завсрын сонгууль” энэ өдрүүдэд явагдаж, дүнгээ танилцуулж байна.
Тодруулбал, энэ удаагийн сонгуулиар АНУ-ын иргэд Конгрессын төлөөлөгчдийн танхимын 435 гишүүн, Сенатын танхимын 35 гишүүнийг сонгох юм. Иймд тус сонгуулиар тус улсын Ардчилсан нам /АН/ парламентад олонхийн суудлаа хадгалж үлдэх үү, эвсэл Бүгд найрамдах нам /БНН/ олонх болох уу гэдгийг шийдэх ёстой.
Тэгвэл одоогийн байдлаар конгрессын доод танхим болох төлөөлөгчдийн танхимд Бүгд Найрамдах нам олонх болох нь бараг тодорхой болоод байгаа бол, дээд танхим буюу Сенатад Ардчилсан Нам хяналтаа тогтоох магадлал өндөр болоод байгаа аж.
Сонгуулийн үр дүнгийн талаар АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, "таамаглаж байсан шиг улаан давлагаа болоогүйд баяртай байна" гэж мэдэгдээд “Ардчилагчдад сайхан шөнө болж байна” гэж хэлсэн байна. Учир нь энэ удаагийн сонгуулиар Бүгд Найрамдахчууд үнэмлэхүй ялалт байгуулж “улаан давлагаа” үүсэх магадлал өндөр байна гэж судлаачид таамаглаад байсан юм.
Эх сурвалж: BBC