Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 42 дугаар сургуулийн захирал Ц.Даваадоо сургуулийнхаа багш нарт газар авна гэх нэрийдлээр өөрийн гэр бүлийн хамаарал бүхий 18 хүнд газар авсан байна.
Уг хэргээр түүнийг АТГ-аас албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ. Учир нь Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлд гомдол мэдээлэл ирсэний дагуу тус хорооноос АТГ-т 42-р сургуулийн захирал Ц.Даваадоог шалгуулахаар гомдол өгсөн байна. Энэ дагуу түүнийг өдгөө хэрэг бүртгэлт явуулж шалгаж эхлээд байгаа аж.
Хэргийг тодруулбал, 42 дугаар сургуулийн захирал Ц.Даваадоо нь сургуулийнхаа багш, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ж.Сандагсүрэнд 2018 оны зургаадугаар сарын 08-ны өдөр хүсэлт гаргасны дагуу 2018 оны 07-р сарын 10-ны өдөр дүүргийн засаг даргаас “Газар эзэмших эрхийг олгох тухай” А/357 тоот захирамж гарган 591 иргэний газар эзэмших эрхийг шинээр баталгаажуулсны дотор тус сургуульд ажилладаг гэх 60 хүний газрын асуудлыг шийдвэрлэж байжээ.
Сургуулийнхаа ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх нэрийдлээр газар эзэмших эрх нь баталгаажсан 60 хүний дотор тухайн захиралтай хамаарал бүхий гэж үзэхээр 18 хүн багтжээ.
Тухайлбал, тэдгээр хүмүүсийн жагсаалтанд захирал Цэрэндамбын Даваадоо өөрөө байхаас гадна хадам ах Даваажавын Лхагвасүрэн, эхнэр Даваажавын Бадамсүрэн, хадам эгч Даваажавын Саранчимэг, баз хүргэн Авирмэдийн Энхдаваа, охин Даваадоогийн Баасанбат, төрсөн эгч Цэрэндамбын Сувдаа, хамаатных нь дүү болох Батхүүгийн Болормаа нарын төрөл садны хүмүүс нь багтсан байна. Түүнээс гадна 42 дугаар сургуульд огт ажилладаггүй Жүгдэрийн Сэржмядаг, Жүгдэрийн Намхаймядаг, Однэмэхийн Батмөрөн, Батбаатарын Бямбаноров, Батсуурийн Батболд нарын зэрэгцээ тус сургуулийн цайны газрыг түрээслэн ажиллуулдаг Цэрэнсономын Отгонбаатар, түүний охин Отгонбаатарын Булган, дүү Цэрэнсономын Алтангэрэл, эхнэр Сангийн Дэлгэрмаа, цайны газарт ажилладаг Нарансүрэнгийн Хонгорзул нар хамрагдсан байгаа нь анхаарал татаж байгаа юм.
-АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАСАН БОЛ ТАВАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХОРЬНО-
Энэхүү үйлдэл нь Эрүүгийн тухай хуулийн 22.1-р зүйлийн 22.1.1-д заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн заалтад хамаарах гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж бид үзэж байна. Түүнчлэн дээрх хүмүүст газар олгохдоо хахууль авсан байж болзошгүй тул мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1-д заасан “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг билээ.
БАРИМТ: 1
БАРИМТ:2
БАРИМТ: 3
БАРИМТ: 4