Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн газраас хамтран энэ сарын 29-ны өдөр /2019.10.29/ тусгай ажиллагаа явуулж нэр бүхий таван зочид буудлаас БНХАУ-ын 800 орчим иргэнийг саатуулж, тэдний хэрэглэж байсан өндөр хүчин чадал бүхий 1000 гаруй компьютертэй, 10 мянган утасны дугаарыг хураан авсан. Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газраас энэ талаар олон нийтэд мэдээлэл өгсөн.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар,Тагнуул болон Цагдаагийн газрынхан дээрх иргэдийн байрлаж байсан буудал руу орж шалгалтын үйл ажиллагаа явуулахад 1.5 сая америк доллар, 400 сая төгрөг бас юань, евро зэрэг гарч ирсэн байдаг. Мөн тэднийг удирдаж байсан БНХАУ-ын найман иргэнийг Шангрилла зочид буудлаас саатуулж, дөрөвт нь хэрэг үүсгэн шалгаж буй. Тэд ч мөн баривчлагдах үедээ маш их хэмжээний ам.доллартай байсан гэдэг.
Тэгвэл тусгай ажиллагааны үеэр саатуулагдсан БНХАУ-ын 800 орчим иргэнийг өнөөдөр Монгол улсын хилээр албадан гаргана гэж албаны эх сурвалжаас мэдээлэл өгч байна. Харин Шангрилла зочид буудлаас саатуулагдсан БНХАУ-ын дөрөв, Монгол улсын нэг иргэний шалгах шалгалтын ажиллагаа цаашид үргэлжлэх ажээ.