Сураггүй алга болсон оюутан охин гэрээслэл бичээд, амиа хорлосон байж болзошгүй

Сураггүй алга болсон оюутан охин гэрээслэл бичээд, амиа хорлосон байж болзошгүй

-УРЬДЧИЛСАН БАЙДЛААР ОЮУТАН ОХИН ӨРӨНД ОРСОНЫ УЛМААС АМИА ХОРЛОСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ИЛЭРЧЭЭ-

Өнгөрөгч аравдугаар сарын 23-ний өдөр Баян-Өлгий аймагт амьдардаг оюутан охин ахынхаа гэрээс хичээлдээ явлаа гэж гараад сураггүй алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Учир явдлыг тодруулбаас, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 23 настай эмэгтэй Л  аравдугаар сарын 23-ны өдөр сураггүй алга болсон байдаг. Сураггүй алга болсон гэх охин Л нь  “Ховд” их сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан бөгөөд ахынхаа гэрээс хичээлдээ явна хэмээн тухайн өдрийн өглөөний 07.00 цагт гараад эргэж ирээгүй.

Мөн өдөр аймгийн ар гэрийнхнийх нь өгсөн өргөдөл мэдээллээр Цагдаагийн газар эрэн сурвалжилсан ч үр дүнд хүрээгүй аравдугаар сарын 29-ний өдрийг хүргэсэн билээ.

Сураггүй алга болсон 23 настай охиныг Онцгой байдлын газрын алба хаагчидтай хамтран  ар гэрийнхэн  нийлсэн нийт 22  хүн 26-ны өдрөөс эхлэн “Сагсай хавцал”-аас “Соёмбот-Уул” гэдэг газар  хүртэл есөн км-т явганаар, “Ховд” голд 1,5-2 метрийн гүнд гурван  удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Харин охиныг Ховд голын зүг рүү ганцаараа явж байхыг нь харсан хоёр гэрчийн мэдүүлгээр дахин тухайн голд шумбалт хийснээр аравдугаар сарын 30-ний өдөр цогцсыг Ховд голоос олжээ. Талийгаач охин хэд хэдэн хүнд өр төлбөртэй байсан гэх албан бус мэдээлэл байгаа бөгөөд гэртээ хэнд өртэй байснаа тэмдэглэн үлдээгээд гарсныг нь олж тогтоожээ. Улмаар охин ганцаараа Ховд голын зүг явж гол руу үсэрч амиа хорлосон байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн бөгөөд хэдний өдөр нас барсаныг эцсийн байдлаар шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хариугаар тогтоох аж.

Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач охин “ааваа, ээжээ охиндоо битгий санаа зовоорой” хэмээн бичиж үлдээсэн гэв. Мөн талийгаач би хэдэн хүнд өртэй байсан хэмээн нэрийг нь болон өрийн хэмжээгээ бичсэн байсан юм байна.

Охины цогцост хийсэн урьдчилсан үзлэгээр гадны ямар нэгэн нөлөө, шарх сорив байгаагүй ба живж амиа алдсан байжээ. Уг хэргийг Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт нарийвчлан мөрдөн шалгаж байна. Тун удахгүй задлан шинжилгээ болон бусад нотлох баримтуудаар хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх аж.