Бааранд гал гарч, шахцалдаан үүссэний улмаас 13 хүн амиа алджээ

Бааранд гал гарч, шахцалдаан үүссэний улмаас 13 хүн амиа алджээ

ОХУ-ын Кострома хотын “Полигон” гэх шөнийн цэнгээний газарт гал гарч, шахцалдаан үүссэний улмаас 13 хүн амиа алдаж, олон хүн бэртжээ.

Уг хэрэгт холбогдуулан 23 настай Станислав Ионкин гэгч цэргийг сэжигтнээр баривчилсан байна. Тэрбээр бааранд байсан хүмүүсийн дунд маргаан үүсэхэд анчны дохионы буугаар тааз руу буудсанаас болж гал гарсан аж. Сэжигтэн нь Украинд дайтаж байсан бөгөөд наймдугаар сарын сүүлчээр шархадсаны улмаас буцаж ирсэн байжээ. 3,5 мянган метр квадрат талбайг хамарсан гал шөнийн 03 цагийн үед гарах үед бааранд хүн дүүрэн байсан аж.

Тааз шатаж эхэлсний дараа хоромхон зуурт барилга бүхэлдээ утаанд автаж, айж сандралдсан хүмүүс бүгд хаалга руу гүйлдсэн байна. Үүнээс болж хохирогчдын зарим нь хүний хөлд гишгэгдэж амиа алджээ. “Полигон” нь Кострома хотын хамгийн алдартай шөнийн цэнгээний газруудын нэг бөгөөд нэг дор 300 орчим хүн цугладаг аж. Хотын захиргаа амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд санхүүгийн болон бусад бүхий л төрлийн тусламжийг үзүүлнэ гэж мэдээлсэн талаар eagle.mn мэдээллийн сайт мэдээлжээ.