ЦЕГ: Сэтгүүлчдийг тагнаж, чагнаагүй

ЦЕГ: Сэтгүүлчдийг тагнаж, чагнаагүй

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Сэтгүүл зүйн ёс зүйн Форум”-ын үеэр маш ноцтой нэгэн мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “Нэр бүхий найман сэтгүүлчийг цагдаагийн байгууллагаас нууцаар тагнаж, чагнасан асуудал гарсан байна" хэмээн мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Цагдаагийн Ерөнхий газар /ЦЕГ/-аас сэтгүүлчдэд товч мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулан сэтгүүлчдийг тагнаж, чагнасан ямар ч асуудал байхгүй. Энэ үйл ажиллагаа тийм амархан явагддаг зүйл биш. Прокурорын газраас зөвшөөрөл авах гэх мэт олон шат дамжлагатай.

Хоёр жилийн өмнө буюу 2018 онд ЦЕГ-ын нэр бүхий хоёр албан тушаалтныг ийм хэрэгт холбогдсон талаар мэдээлэл гарсны дагуу Нийслэлийн прокурорын байгууллагаас шалгаж, улмаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон. Хэрэв хэн нэгэн сэтгүүлчийг мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулан тагнаж, чагнасан тохиолдол байгаа бол ЦЕГ-т гомдол гаргах эрхтэй” гэсэн юм.