ҮХЦ: Өөр иргэний гаргасан үйлдлийг цэцийн даргад хамаатуулах гэж оролдсон байна

2019-11-01 13:45

ҮХЦ: Өөр иргэний гаргасан үйлдлийг цэцийн даргад хамаатуулах гэж оролдсон байна

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяртай холбоотой асуудлаар тус газраас дараах мэдэгдлийг гаргажээ.

МЭДЭГДЭЛ

Хэвлэл, мэдээллийн зарим хэрэгслээр “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар аравдугаар сарын 31-ний өдөрУлаанбаатараас Сөүлийн чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйн биед гар хүрч “бэлгийн халдлага” үйлдсэн хэргээр цагдаад баригдсан байна. Тэрбээр Улаанбаатар- Сөүл чиглэлийн нислэгээр Индонез улсад болох Олон улсын Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Солонгосоор дамжин зорчиж явахдаа энэ хэрэгт холбогдсон гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ.” гэж мэдээлжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Индонези Улсад болох Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хуралд оролцохоор  БНСУ-аар дамжин зорчиж явсан юм.

Ийнхүү нислэгийн үеэр Үндсэн хуулийн цэцийн даргын арын эгнээнд сууж явсан  нэгэн Монгол иргэний гаргасан байж болзошгүй үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад хамаатуулах гэж оролдсон байна.

Иймд Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр уг асуудлаар холбогдох байгууллагад хандсан болно.

Үндсэн хуулийн цэцийн даргатай холбоотой дээрх мэдээлэл нь  үнэн бодит байдал огт нийцэхгүй болохыг  хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Үндсэн хуулийн цэцийн Хэвлэл, мэдээллийн төлөөлөгч

2019 оны 11 дүгээр сарын 01

2019-11-01 12:01

Согтуурсан, бэлгийн дарамт үзүүлсэн, шалгуулахаас татгалзсан гэсэн үндэслэлээр Д.Одбаярыг шалгаж байна уу

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр өчигдөр Улаанбаатар-Инчон чиглэлийн онгоцонд зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч болох 20 настай эмэгтэйн өгзөгөнд хүрч “бэлгийн дарамт” үзүүлсэн хэргээр БНСУ-д баривчилагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнийг нисэх онгоцны буудалд буусан даруйд нь цагдаа нар саатуулсан ч Венийн хэлэлцээрийн дагуу түр суллаад байгаа юм.

Хэдийгээр түр сулласан тус улсын цагдаагаас түүнийг үргэлжлүүлэн шалгаж зөрчил дутагдлыг нь хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж буй. Тэрбээр Индонез улсад болох Олон улсын Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Солонгосоор дамжин зорчиж явж байсан гэдэг.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг гурван үндэслэлээр шалгаж байгаа аж. Тодруулбал, СОГТУУРСАН, БУСДАД БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛСЭН, ЦАГДААД ШАЛГУУЛАХААС ТАТГАЛЗСАН гэх гурван үндэслэлээр тус улсын хууль хүчний байгууллагад үргэлжлүүлэн шалгана гэсэн албан бус мэдээлэл байна.

Солонгосын томоохон хэвлэлүүдэд бичнээр "Korean Air Компаны 20 настай ажилтанд бэлгийн дарамт үзүүлсэн тул баривчилсан ч дипломат дархан эрхтэй тул арга буюу сулласан" гэж бичжээ.

БНСУ-ын хуулинд эмэгтэй хүний биед зөвшөөрөлгүй асуудлыг "бэлгийн хүчирхийлэл" гэж үздэг байна. Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяртай хамт явсан А мөн онгоцны үйлчлэгч бүсгүйн мөрөн дээр гараа тавьсан гэж буй юм.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө