Өнөөдөр 14:00 цагаас ЗГХЭГ-ын дэд, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү Г.Дэнзэнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх юм. Түүнийг өнөөдөр гэм буруутай эсэхийг нь шүүхэр хянан хэлэлцэх аж.
Түүний хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх бөгөөд гэм буруугүй гэдгээ нотлох гэж улайрч байна гэж эх сурвалж мэдээлж байгаа билээ.
Хэргийг эргэн сануулбаас, “Эрдэнэс Таван толгой” компаниас тендер авч, эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр 2015 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байдаг.
Анхан шатны шүүхээс уг хэрэгт холбогдуулан 2017 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнд 3,6 жилийн ялыг оноож байсан билээ.
Ингэхдээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн нь “Эрдэнэс тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын алба хашиж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хаданд Гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендерт эхнэр Ч.Уянгын нэр дээр бүртгэлтэй “Говь повер” ХХК-г иргэн Д.Баярмаагийн нэрээр оролцуулан ялуулсан гэж буруутгасан төдийгүй ‘Эрдэнэс Тавантолгой’ ХК-аас 5,3 тэрбум төгрөгийг ‘Говь повер’ ХХК-ийн дансруу шилжүүлэн авсан гэж үзсэн юм.
Энэ хэргийн талаар Авлигатай тэмцэх газраас 2018 оны долдугаар сарын 25-ны өдөр мэдээлэхдээ “Улсын дээд шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтанд буцаж ирүүлсэн Г.Дэнзэн нь Монгол Улсын тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод автотээврийн хэрэгслийн жинлэх 150 тонны даацтай хэмжилтийн пүүг худалдан авах сонгон шалгаруулах үнэлгээний хорооны ажлын хэсгийн даргаар томилогдож албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт дахин шилжүүлээд байна” гэж мэдэгдэж байсан билээ.