Крымын Севастополь боомт хот дахь ОХУ-ын хар тэнгисийн флотын төв байр руу "их хэмжээний" нисгэгчгүй онгоцоор халдлага үйлдсэн гэж Украиныг Орос буруутгаж эхлээд байна.
Учир нь тус халдлага өнөөдөр /2022.10.29/ орон нутгийн цагаар 04:20 цагт эхэлсэн бөгөөд агаарын болон далайн нисгэгчгүй онгоц оролцсон аж. Цохилтод дор хаяж нэг байлдааны хөлөг онгоц сүйдсэн гэж Оросын албаны хүмүүс мэдэгджээ. Харин зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Оросын хар тэнгисийн флотын жанжин хөлөг "Адмирал Макаров" Украины дроны цохилтод өртөж шатаж байна” гэжээ.
Тэгвэл Украины тал энэхүү халдлагын хариуцлагыг хараахан хүлээн зөвшөөрөөгүй байгаа аж.
Севастополь нь 2014 онд Украинаас Орост нэгтгэгдсэн Крымын хамгийн том хот ажээ. Мөн сүүлийн хэдэн долоо хоногт Крымын хойг дахь Оросын флотын байр Украины цэргүүдийн дайралтанд өртөж эхлээд байгаа аж. Тодруулбал, ОХУ Крымийг өөртөө нэгтгэсний гол бэлгэдэл болсон Крымын гүүрэн дээр энэ сарын эхээр дэлбэрэлт болсон билээ.
Эх сурвалж: BBC