Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн газраас хамтран энэ сарын 29-ны өдөр /2019.10.29/ тусгай ажиллагаа явуулж нэр бүхий таван зочид буудлаас БНХАУ-ын 800 орчим иргэнийг саатуулж, тэдний хэрэглэж байсан өндөр хүчин чадал бүхий 1000 гаруй компьютертэй, 10 мянган утасны дугаарыг хураан авсан. Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газраас энэ талаар олон нийтэд мэдээлэл өгсөн.
-ТЭДНИЙ АШИГЛАСАН УТАСНЫ ДУГААРЫН ИХЭНХ НЬ
ЮНИТЕЛИЙНХ БАЙЖЭЭ-
Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэл тэргүүтэй албаны хүмүүсийн өгсөн мэдээллийн ЭНД дарж уншина уу. Ямартай ч БНХАУ-ын 800 иргэн нь Монгол улсад ямар нэгэн хор хохирол учруулаагүй, тагнуулын шинжтэй үйл ажиллагаа явуулаагүй гэж тэрбээр мэдэгдсэн билээ.
Харин тэд цахим орчинд мөнгө угаах ажлыг тоглоом болон бусад хэлбэрээр дамжуулан хийсэн байх магадлалтай байсан гэдэг. Ингэхдээ Mobile Farm, Click Farm ашигласан нь тодорхой болсон гэж эх сурвалжууд мэдээлж буй. Одоогоор тэднийг байрлаж байсан буудлынх нь хонгилд түр саатуулан шалгаж байгаа юм. Тэдний бичиг баримтыг шалгаад нутаг буцаана гэж Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав мэдэгдсэн. Харин хэрэглэж байсан компьютер болон утаснуудад үзлэг, шалгалт хийж буй бөгөөд шалгалтын ажиллагаа дууссаны дараа дээрх иргэдийн чухам ямар ажил хийсэн нь эцсийн байдлаар тодорхой болно.
Тэд хэрэглэж байсан утаснуудаа БНХАУ-аас авчрахаас гадна Тедигээс худалдан авсан гэдгээ мэдүүлсэн байгаа юм. Ингэхдээ 100 болон 200 аар нь өөр, өөр лангуунаас худалдан авч байжээ.
Харин хэрэглэж байсан дугаар нь Юнител голдуу Мобиком, Скайтел зэрэг үүрэн телефоны компанийнх байсан байна. Жи мобайлын цөөн дугаар байсан гэдгийг эх сурвалж хэлж байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Тагнуул болон Цагдаагийн газрынхан дээрх иргэдийн байрлаж байсан буудал руу орж шалгалтын үйл ажиллагаа явуулахад 1.5 сая америк доллар, 400 сая төгрөг бас юань, евро зэрэг гарч ирсэн байна. Тэд орнуудаа зэрэгцүүлэн тавьж гудсан доороо нуусан байжээ.
Тэдний удирдагч болох БНХАУ-ын найман иргэнийг Шангрилла зочид буудлаас саатуулж, дөрөвт нь хэрэг үүсгэн шалгаж буй. Тэд ч мөн баривчлагдах үедээ маш их хэмжээний ам.доллартай байжээ. Тэд манай хууль хүчний байгууллагынханы тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, эсэргүүцэж байсан гэх мэдээлэл байна.
Мөн Шангрилла зочид буудлаас баригдсан БНХАУ-ын иргэн эмэгтэйгээс мэдүүлэг авах гэхэд Хятад хэлний өөр аялгаар ойлгомжгүй ярьсан учраас Гадаад харилцааны яамнаас орчуулагч авчирч, ажиллуулсан байна. Тэд огт эмзэглэхгүй, гайхахгүй харин ч эсрэгээрээ үл тоосон хандлагатай байсан гэдгийг хэлж байна.
Энэ нь манай улсын хуультай холбоотой юм. Тодруулбал, Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, цахим орчинд мөнгөө угаахын эсрэг хууль эрх зүйн орчин сул, зохицуулалт үгүй учраас тэд Монголыг сонгон ирж ажилласан. Мөн хуулийн тодорхой заалтаар ямар нэгэн хариуцлага хүлээлгэх боломжгүй байгаа юм. Учир нь click farm ажиллагааг шууд гэмт хэрэг хэмээн үзэх боломжгүй юм байна.
Жуулчны визээр ирж хөдөлмөр эрхэлсэн зөрчилтэй гэдэг шалтгаанаар 800 хятад иргэнийг нутаг буцааж удирдагч болох дөрвөн хүнийг шалган хөнгөн арга хэмжээ авах болов уу гэсэн таамаглал байна.