Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэр бүхий есөн сэтгүүлчийг гэр бүлийнхэнтэй хамт тагнаж, чагнасан тухай мэдээлэл 2018 оны дөрөвдүгээр сард анх олон нийтэд ил болж байсан. Тухайн үедээ уг мэдээлэл дуулиан тариад өнгөрсөн. Харин Ц.Нямдорж сайд “Би ямар ч есөн сэтгүүлчийг тагнаж чагнах үүрэг өгөөгүй. сэтгүүлчийг тагнаж, чагнасан л гэнэ. Нэг сэтгүүлчийн машины дугуй буудсан л гэнэ. Та нар намайг тагнадаг болохоос би сэтгүүлчдийг тагнаж байсан тохиолдол миний амьдралд байхгүй” гэсэн тайлбарыг өгч байв. Харин тус асуудал тэгс гээд намжсан.
Энэ талаар Хууль зүй дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр саяхны өдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тагнуулын байгууллагаас Ц.Нямдоржийг сэтгүүлчдийг хууль бусаар чагнасан асуудлаар Эрүү үүсгэсэн байдаг. Гүйцэтгэх ажиллагаагаар авагдсан мэдээ баримтууд нь Ц.Нямдорж сайд дээр байсан.
Ц.Нямдорж сайд бааварлаж байгаад хүн амьтанд үзүүлчихсэн юм шиг байгаа юм. Тэр нь баригдаад, Ц.Нямдорж дээр хэрэг үүсгэгдсэн гэж би ойлгосон. Энэ хэрэг шалгагдаж байх үеэр Эрүүгийн цагдаагийн газрын дарга П.Энхбаяр гэнэт өвчнөөр нас барчихсан. Эрүүгийн цагдаагийн газрын гүйцэтгэх ажилтнууд тэр хүний заавраар ажиллаж байсан. Гэтэл тэр хүн нь нас барчихсан. Тэгээд хэрэг нь гацчихсан” гэсэн мэдээллийг өгч байв.
Харин улс төрийн хүрээнд “Тагнуулын байгууллага сэтгүүлчдийг тагнасан асуудлаар Ц.Нямдоржид эрүү үүсгэсэн ч тэр тохиролцсон” гэх асуудал яригддаг билээ.
-СЭТГҮҮЛЧДИЙГ ТАГНАСАН АСУУДЛААР Ц.НЯМДОРЖ САЙДЫГ
ДАХИН ШАЛГАЖ ЭХЭЛСЭН ҮҮ-
Тэгвэл нэг жил гаруйн өмнө сөхөгдсөн энэхүү хэрэг, явдлыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хоёр хоногийн өмнө дахин сануулав. Гэхдээ тэрбээр ес биш найман сэтгүүлчийн асуудлыг ярив. Тэрбээр /2019.10.30/ өдөр сэтгүүлчдийн форумд оролцох үеэр энэ талаар "Сэтгүүлчид яагаад энэ асуудлаар дуугарахгүй байгаа юм бэ. Би Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд сэтгүүлчдийг шалгасан асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч гэж ТЕГ-т албан бичгээр хандсан. Гэвч өнгөрсөн долоо хоногт нууцын зэрэглэлтэйгээр шалгаж байгаа гэсэн агуулгатай хариу ирүүлсэн байна. Хэрэв сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг нууцаар шалгаж эхэлсэн бол энэ маш ноцтой асуудал шүү” гэсэн юм.
Тэгэхээр сэтгүүлчдийг нууцаар шалгасан хэргээр Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг одоо ч шалгаж байгаа юм байна гэж ойлгогдохоор байна. Уг хэргийг дахин сэргээж шалгаж байж мэдэхээр болов. Эх сурвалжууд ч үүнийг үгүйсгэсэнгүй. Тэгэхээр Ц.Нямдорж сайд уг асуудлаар ярьж тохироод хэргээ хаалгасан ч дахин шалгаж эхэлсэн болж таарав.
Мөн дээрх нэр бүхий найман сэтгүүлчийг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг /ХНН/-ийн зарим удирдлагын асуудлаар шалгасан гэх мэдээллийг эх сурвалжууд өгөв. Өөрөөр хэлбэл, нэр бүхий сэтгүүлчдийн тус байгууллагын удирдлагуудтай үүсгэсэн харилцаанаас үүдэн тагнаж, чагнан хувийн мэдээллийг нь болон дансны хуулга, цахим хаяг зэргийг шалгасан гэх мэдээлэл байна.
Нөгөөтэйгүүр нэг жил гаруйн өмнө сөхөгдөөд намжсан асуудлыг саяхнаас дахин дэлгэж буй нь ямар учиртай вэ гэдэг асуулт бий. Улс төрийн эс бөгөөс өөр зорилготой байсны аль нь ч бай Хууль зүй дотоод хэргийн сайд нь сэтгүүлчдийг тагнаж, чагнасан асуудал нь МАШ НОЦТОЙ юм. Цаг, хугацаанаас хамаарахгүйгээр үүнийг үнэн, мөнөөр нь олж тогтоон хариуцлагын асуудлыг хөндөх ёстой билээ.