Жилд ойролцоогоор нэг сая хүн хар тугалганы хордлогын улмаас нас барж, олон сая хүн бага хэмжээгээр хордож буй тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ мэдэгдэв. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.
Улмаар ДЭМБ-аас 10 дахь жилдээ хар тугалганы хордлогоос урьдчилан сэргийлэх олон улсын долоо хоногийг /ILPPW/ явуулж байгаа юм. Хар тугалга нь нас наснаас шалтгаалан өөр өөр нөлөө үзүүлдэг. Жишээ нь, насанд хүрсэн хүнд толгой өвдөх, гэдэс өвдөх, татаж унах бүр үхэлд хүргэх аюултай. Харин бага насны хүүхэд, урагт үзүүлэх нөлөө нь шууд тархи, мэдрэлийн хөгжлөөр илэрдэг. Мөн хор хөнөөл ихтэй хар тугалга хэмээх химийн элемент цахилгаан бараа, зарим төрлийн тоглоом, шаазан болон үнэт эдлэл гээд бидний өдөр тутам хэрэглэдэг олон зүйлсэд агуулагдаж байдаг аж.
ДЭМБ-аас хар тугалганы хүний мэдрэлийн тогтолцоонд учруулсан сөрөг нөлөөллийг “эмчлэх боломжгүй” гэж мэдэгджээ.
Тус байгууллагын Байгаль орчин, цаг уурын өөрчлөлтийн албаны дарга доктор Мария Нера хэлэхдээ "Хар тугалганы хордлого нь хүүхдийн хөгжиж буй уураг тархинд аюултай бөгөөд оюун ухааны коэффициент /IQ/ буурч, анхаарал төвлөрөх, суралцах. чадварууд буурч зан байдлын асуудлууд үүсгэх эрсдэлтэй" гэжээ.