Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн газраас хамтран энэ сарын 29-ны өдөр /2019.10.29/ тусгай ажиллагаа явуулж нэр бүхий таван зочид буудлаас БНХАУ-ын 800 орчим иргэнийг саатуулж, тэдний хэрэглэж байсан өндөр хүчин чадал бүхий 1000 гаруй компьютертэй, 10 мянган утасны дугаарыг хураан авсан. Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газраас энэ талаар Засгийн газрын хуралдаанд өчигдөр хаалттай мэдээлэл өгсний дараа албан ёсоор олон нийтэд мэдээлэл өгсөн.
Бид энэ талаар эх сурвалжаас тодруулахад “Уг хэрэгтэй холбогдуулан БНХАУ-ын иргэдийг олноор нь байрлуулж байсан буудлын эздийг шалгаж эхэлсэн. Мөн дээрх иргэд нь цахим орчинд мөнгө угаахдаа Mobile Farm, Click Farm аргаар ажиллаж байсан нь эхний байдлаар тогтоогдсон. Тэд ашиглаж байсан утсаа БНХАУ авчирснаас гадна Тедигээс худалдан авсан гэдгээ хэлжээ” гэх мэдээллийг өгсөн юм.
Тэгвэл мөн тухайн гар утаснуудад ашиглаж байсан дугаар нь Монголын үүрэн телефон Жи Мобайл, скайтелын дугаарууд байсныг зарим мэдээллийн сайт мэдээлсэн байна. Тэд ямар бүртгэлээр тухайн дугааруудыг авсан, хэрхэн ашиглаж байсан нь мөрдлөгийн явцад тодорхой болох аж” гэжээ.