У.Хүрэлсүх огцорч Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болох уу

У.Хүрэлсүх огцорч Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болох уу

МАН дотор Засгийн газар, Ерөнхий сайдын рейтинг унаж байна. У.Хүрэлсүхийн сүржин мэдэгдлүүдийн хөөс хагарч байна гэх шүүмж гарах болжээ. Ерөнхийдөө УИХ дахь МАН-ын бүлгийн 64 гишүүний хүчний харьцаа 27/37 байсан бол, 30/34 болсон, Ерөнхийлөгчийн УИХ өөрөө тар гэсэн шаардлагыг дэмжье, эсвэл Ерөнхий сайд, намын даргаа сольж 2020 оны сонгуульд  оролцъё гэх хэсэг ч гарах болсон тухай мэдээлэл байна.

Иймд зарим нь Хэнтийн нөхөн сонгуульд У.Хүрэлсүхийг дэвшүүлж унагах, цаашлаад намын дарга, Ерөнхий сайдын алба тушаалыг нь авах гэсэн төлөвлөгөө байгаа гэх. Нөгөө талд Үндсэн хуулийн цэц дээр асуудлыг унагаад Хэнтийн 42-р тойргийн нөхөн сонгуулийг хойшлуулж, 2020 он хүргэх гэсэн төлөвлөгөөтэй хэсэг ч байгаа ажээ. Харин МАН-ын дарга, Ерөнхий сайдаа солихдоо хүрвэл Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болгох тухай яриа ч гарсан байна.  

Л.Оюун-Эрдэнэ нь Улс төрд асар богино хугацаанд тодорч, чамлахааргүй өндөрт гарсан нэгэн. Эхний сонгуулиараа УИХ-д сонгогдож, удалгүй Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга болно гэдэг хэн хүнд олдох завшаан биш. У.Хүрэлсүхийн сайн дүү гэгдэж, улс төрд сайн ахын буянаар орж ирсэн гэдэг ч амжилт олж, карьер нь ахихын хэрээр нийгэмд дуулиан шуугиан дэгдээж болох ямар л сэдэв байна, түүн рүү үсчиж, попордог гэх шүүмжлэлд байнга өртдөг. Алхам тутамдаа хэвлэлийн хурал зарлан, өөрийгөө тодруулах оролдлогыг хийж ирсэн нэгэн.

Уг нь 2017 онд “Шинэ Засгийн газар” буюу У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрдэж эхэлж байхад УИХ- ын гишүүн байсан Л.Оюун-Эрдэнэ сайд дарга болох сонирхолгүй байгаа тухайгаа хэвлэлд дурдаж байв. Тэрээр тухайн үед “Албан тушаалын төлөө биш ард түмний төлөө салбараа аваад явах зангарагтай хүмүүс нь сайд болох ёстой. Адаглаад Ерөнхий сайд нь улс төрчдийнхөө эхний арав дотор рейтингийн судалгаагаар байж байх хэрэгтэй. Салбарын сайдууд нь эхний 30 дотор байдаг улс төрчид байх ёстой. Хөдөө орон нутагт Ерөнхий сайдыг танихгүй байна.  Олон улсад Засгийн газрын рейтинг 50-иас доош хувьтай болоод ирвэл өөрийн хүсэлтээр огцордог. Би сайд, дэд сайдын албан тушаалд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн” хэмээж байсан юм. 2018 оны энэхүү мэдэгдэл өнөөдөр түүнд ор тас мартагдсан аж.

Өөрийнх нь хэлснээр, хүссэнээр болохгүй нь. Намынхныхаа даалгавараар ч гэх үү, өөрийнхөө Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга хүртэл дэвшчихсэн зангаргаар ч гэх үү шалдаа унасан намын нэр хүндийг эргүүлэн авч ирэх дараагийн Ерөнхий сайд буюу 2020 оны сонгуулийн “бэлтгэл хангагч”-аар Л.Оюун-Эрдэнэ томилогдох бололтой. Өнөөдрийн улс төрийн ороо бусгаа нөхцөл байдлаар бол МАН-д одоохондоо шатрын өөр нүүдэл олдохгүй байгаа нь илт байгаа бөгөөд нийгэм үүнийг хүлээж авах нь ч эргэлзээтэй.




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө