Аравдугаар сарын 6-нд Ираны Тэргүүн дэд ерөнхийлөгч Мохаммад Мохбер, Ираны хувьсгалт гвардийн хоёр өндөр албан тушаалтан, Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн албан тушаалтанууд Москвад айлчилж, ОХУ-тай зэвсэг нийлүүлэх талаар хэлэлцээ хийжээ.
Улмаар ОХУ-ын зэвсэгт хүчин Иранд үйлдвэрлэсэн “нисгэгчгүй онгоц” ашиглан Украины нийслэл Киев хот руу халдлага үйлдэж тус улсын цахилгаан станцуудын бараг гуравны нэгийг устгасан гэж Украин мэдэгдсэн.
Тэгвэл Иран улс Орост тэсрэх бөмбөг тээвэрлэгч дрон нийлүүлж буй нь НҮБ-ын хориг арга хэмжээг зөрчиж байна гэдэгтэй АНУ барууны холбоотнуудтай санал нэгдэж дээрх зэвсгийн худалдаа үргэлжилбэл НҮБ хориг арга хэмжээ авахаа Иран Улсад анхааруулаад байгаа юм.
Гэвч энэ талаар Ираны нэгэн дипломат Ройтерс агентлагт ярихдаа уг мэдэгдлийг няцааж, "Зэвсгийг хаана ашиглаж байгаа нь худалдагчийн асуудал биш" гэжээ.
Мөн АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Ведант Пател Орос улс Иранаас нисгэгчгүй онгоц хүлээн аваад зогсохгүй тэнд нисгэгчгүй онгоцны операторуудыг сургаж буйг мэдээлээд байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.
Харин НАТО нисэгчгүй онгоц эсэргүүцэх тоног төхөөрөмжүүдийг ойрын үед Украинд нийлүүлнэ гэж Умард Атлантын эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдэв.
Тэрбээр "Ойрын өдрүүдэд НАТО нисэгчгүй онгоц эсэргүүцэх системийг Украинд хүлээлгэн өгч, дронуудын аюулыг, Иранаас нийлүүлж буй зэвсгийн аюулыг эсэргүүцэх болно. Энэ нь НАТО-с авч чадах хамгийн сайн арга хэмжээ" хэмээлээ.
Эх сурвалж: Yahoo news