Ирэх жилийн төсвийг батлах хуулийн эцсийн хугацаа 11 дүгээр сарын 15-ны өдөр. Хэрэв энэ хугацаанд УИХ төсвөө баталж чадахгүй бол тарах хуулийн зохицуулалттай.
Харин ийм чухал үед УИХ, Засгийн газрын гишүүд гадаадад томилолттой байгаа нь шүүмжлэл дагуулж байгаа юм. Тодруулбал, энэ чухал үед УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар өргөн бүрэлдэхүүнтэйгээр үр дүн муутай гэж болох гадаадад айлчлал хийгээд эх орондоо буцаж ирцгээж байна.
-УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ГИШҮҮДИЙН ХАМТ ТУРК УЛСАД АЙЛЧЛАВ-
Тухайлбал, энэ сарын 13-17 /2022.10.13-17/-ны өдрүүдэд УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийгээд өнөөдөр /2022.10.18/ өглөө07:30 цагт эх орондоо ирсэн байна. Түүнтэй хамт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, О.Цогтгэрэл, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарын албаны хүмүүс явсан байна.
Хачирхалтай нь, тус айлчлалын бүрэлдэхүүнд Монгол-Туркийн парламентын танхимын бүлгийн дарга Т.Аюурсайхан багтаагүй бөгөөд Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, О.Цогтгэрэл нар явжээ. Харин тус айлчлалыг үр дүн муутай гэж боллоо гэж шүүмжлэх зарим эх сурвалжууд байна.
Учир нь тус айлчлалын үеэр ердөө Туркийн Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоптой уулзалт хийж, Монгол, Туркийн бизнес форум болж, Турки Измир Катип Челеби их сургуулиас “Хүндэт доктор” цолоор Г.Занданшатар дарга шагнуулсан зэрэг арга хэмжээ болж өндөрлөлөө. Энэ нь нөгөө талаар тус улсад суугаа элчин сайдын үйл ажиллагаатай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Учир нь Монгол Улсаас БНТУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар Г.Мөнхбаяр ажиллаж буй. Тэрээр өмнө нь хотын даргын албан тушаалыг муу нэртэй хийж явсан нэгэн.
-ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ГЕРМАНД АЙЛЧЛАВ-
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт Герман улсад айлчлал хийгээд, өнгөрөгч Ням гараг /2022.10.16/-т эх орондоо ирсэн гэх мэдээлэл байгаа юм. Түүний айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Бямбацогт, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар яваа харагдсан. Мөн 2023 оны Улсын төсөв хэлэлцэж байгаа энэ үед Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар АНУ-д болж байгаа уулзалтад оролцоод тус улсад яваа гэх мэдээлэл байна.