Хятад иргэд Mobile farm, Click farm ашиглаж байсан нь эхний байдлаар тогтоогджээ

Хятад иргэд Mobile farm, Click farm ашиглаж байсан нь эхний байдлаар тогтоогджээ

-БНХАУ-ЫН ИРГЭДИЙГ БАЙРШУУЛЖ БАЙСАН ЗОЧИД БУУДЛЫН ЭЗДИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ-

Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн газраас хамтран энэ сарын 29-ны өдөр /2019.10.29/ тусгай ажиллагаа явуулж нэр бүхий таван зочид буудлаас БНХАУ-ын 800 орчим иргэнийг саатуулж, тэдний хэрэглэж байсан  өндөр хүчин чадал бүхий 1000 гаруй компьютертэй, 10 мянган утасны дугаарыг хураан авсан. Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газраас энэ талаар Засгийн газрын хуралдаанд өчигдөр хаалттай мэдээлэл өгсний дараа албан ёсоор олон нийтэд мэдээлэл өгсөн.

Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийн хэлснээр БНХАУ-ын дээрх иргэд нь Монгол улсад ямар нэгэн хор хохирол учруулаагүй, тагнуулын шинжтэй үйл ажиллагаа явуулаагүй нь тодорхой байгаа юм.

Харин тэд цахим орчинд мөнгө угаах ажлын тоглоом болон бусад хэлбэрээр дамжуулан хийсэн байх магадлалтай байсан гэдэг. Одоогоор тэднийг буудаллаж байсан буудлын хонгилд түр саатуулан шалгаж байгаа юм. Тэдний бичиг баримтыг шалгаад нутаг буцаана гэж Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав мэдэгдсэн. Харин хэрэглэж байсан компьютер болон утаснуудад үзлэг, шалгалт хийж буй бөгөөд шалгалтын ажиллагаа дууссаны дараа дээрх иргэдийн чухам ямар ажил хийсэн нь эцсийн байдлаар тодорхой болно.

Бид энэ талаар эх сурвалжаас тодруулахад “Уг хэрэгтэй холбогдуулан БНХАУ-ын иргэдийг олноор нь байрлуулж байсан буудлын эздийг шалгаж эхэлсэн. Мөн дээрх иргэд нь цахим орчинд мөнгө угаахдаа Mobile Farm, Click Farm аргаар ажиллаж байсан нь эхний байдлаар тогтоогдсон. Тэд ашиглаж байсан утсаа БНХАУ авчирснаас гадна Тедигээс худалдан авсан гэдгээ хэлжээ” гэх мэдээллийг өглөө.

MOBILE FARM, CLICK FARM ГЭЖ ЮУ ВЭ?

Компюьтер болон гар утаснаас удирдан лайк даралтыг өсгөн мөнгө олдог арга юм. Энэхүү шинэ бизнес нь БНХАУ болон Зүүн өмнөд Азид үүсээд цөөн жил болж байна. Гол захиалагчид нь Facebook, Youtube, Instagram хөтлөгчид болон онлайн сурталчилгаа өөрийн веб дээр байршуулж лайк даралтын тоогоор сурталчилуулагч компаниас мөнгө авдаг хүмүүс аж.

Маш бага мөнгө төлж пост болон пэйжүүд дээрээ олон мянган лайк даруулах үйлчилгээ. Сүүлийн үед энэ бизнесүүд БНХАУ-аас шахагдсанаар Бангладеш улсад хүчээ авсан байна. БНХАУ нь цахим гэмт хэрэг, түүнийг ашигласан мөнгө угаалттай хатуу тэмцэж буй учир иргэд нь манай улсад ирж энэ төрлийн үйл ажиллагаа явуулсан байх магадлалтай гэх таамаг байна.

Өнгөрсөн жил БНХАУ-ын 80 орчим хүнтэй click farm бизнес Фижи улсаас илрээд хаагдаж байсан. Тухайн үедээ уг хэргийг хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй гэж ярьж байтал манай улсад 800 хүн баригдлаа. Гадныхан гадаа тэр дундаа мэдээлийн орчин дахь эрх зүйн суурь нь бэхжээгүй орнуудад иймэрхүү ажлыг эрхлэн явуулдаг аж.

Click farm хийж буй бичлэгийг үзнэ үү