Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалт улсын хэмжээнд өнөөдөр /2022.10.14/ 08 цаг 30 минутаас нэгэн зэрэг эхэлнэ. 

Шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн аймаг, нийслэл дэх салбар зөвлөл, тамгын газар, бусад байгууллагуудын бүх талын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан явуулна.

Төрийн албаны ерөнхий шалгалтыг гардан зохион байгуулах аймаг, нийслэлийн Тамгын газраас зарим ажлын хэсгийн танилцуулгыг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Ажлын албаны дарга Г.Билгүүн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баатархүү, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Б.Батбямба болон бусад албан хаагчид цахимаар болон биечлэн танилцлаа.

Энэ удаагийн шалгалтад нийт 5885 иргэн бүртгүүлжээ. Үүнээс Улаанбаатарт 2788 иргэн шалгалт өгөх юм.

Энэ удаагийн шалгалтын онцлог нь ерөнхий шалгалт хаана өгснөөс үл хамаарч, шалгалтдаа тэнцсэн тохиолдолд харьяалал хамаарахгүй төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэн, тусгай шалгалт өгөх эрхтэй болно. Мөн шалгалтыг улирал болгон зохион байгуулдаг болсон.

Төрийн албаны ерөнхий шалгалт зохион байгуулах төв комисс, аймаг, нийслэлийн салбар комиссын бүрэлдэхүүн, цагдаа, тагнуулын байгууллага зэрэг мэргэжлийн албад шалгалтын үйл явцад хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх бөгөөд Та ч мөн адил хөндлөнгийн хяналт хэрэгжүүлж өөрийн хувь нэмрээ оруулж болно. 

Эх сурвалж: ТАЗ