Д.Гэрэл: БНХАУ-ын 800 орчим иргэн мөнгө угаах зорилгоор ажиллаж байсан

Д.Гэрэл: БНХАУ-ын 800 орчим иргэн мөнгө угаах зорилгоор ажиллаж байсан

-БНХАУ-ЫН ИРГЭД ЖУУЛЧНЫ ВИЗЭЭР ОРЖ ИРЭЭД ХӨДӨЛМӨР ЭРХЭЛСЭН-

Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн газраас өчигдөр шөнө /2019.10.29/ тусгай ажиллагаа явуулж БНХАУ-ын 700 гаруй иргэнийг саатуулж 8 тэдний хэрэглэж байсан  өндөр хүчин чадал бүхий 1000 гаруй компьютертэй, 10 мянган утасны дугаарыг хураан авсан.

Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газраас энэ талаар Засгийн газрын хуралдаанд хаалттай мэдээлэл өгсний дараа албан ёсоор мэдээлэл өглөө.

Тодруулбал, Тагнуулын Ерөнхий газар Д.Гэрэл “Шалгалтын ажиллагаа нэлээн өргөн хүрээнд, эрчимтэй явагдаж байна. Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газар өнгөрсөн наймдугаар сараас хойш ажиглаж, мэдээлэл аваад явж байсан. Наймдугаар сард БНХАУ-ын хэсэг хүн орж ирсэн. Эхний ээлжинд 80 гаруй хүн орж ирсэн. Үүнээс хойш ес, аравдугаар сард энэ тоо аажмаар өссөөр байгаад өчигдрийн байдлаар 800 хүрсэн. Эдгээр иргэд жуулчны визээр цувж орж ирсэн. Бид албадан гаргах бүрэн эрхтэй. Жуулчны визээр орж ирээд хөдөлмөр эрхэлсэн нь зөрчил юм.

Энэ үйл ажиллагааг Монгол улсын нэг, БНХАУ-ын дөрвөн хүн зохион байгуулсан, одоо байцаалтаа өгч байгаа.

Эд нар дээрх хүмүүсийг авчирч таван зочид буудал ашиглуулсан хэрэг гарсан. Бид хамтарсан ажлын хэсэг байгуулаад шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Айдас төрөх асуудалгүй. Бүрэн хяналтад байгаа.

Эдгээр хүмүүс мөнгө угаасан. Цахим орчинд мөнгө угаах ажлыг тоглоом болон бусад хэлбэрээр хийж байсан магадлалтай, шалгаж байна. Эцсийн байдлаар дүгнэлт гараагүй байна. 1000 компьютер, 10 мянган симыг шалгана.

Удирдсан, зохион байгуулсан хүнийг саатуулсан. 10 мянган сим ямар ч хяналтгүй тарсан байна. Үүний зохицуулах хууль батлагдах байх. Үүрэн телефоны компаниудын нэрийг хэлж болохгүй байна. Хувийн хэвшлийнхэн энэ үйл ажиллагааг зохион байгуулахад гардан орсон. Ойрын хугацаанд шалгаж дуусаад мэдээлэл өгнө” гэсэн юм.

-С.БААТАРЖАВ: АЛЬ НЭГ НАМЫН САНХҮҮЖИЛТТЭЙ АЖИЛЛАГАА БИШ . БИД ЭДГЭЭР ИРГЭДИЙГ НУТАГ БУЦААНА-

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржаваас мөн зарим асуултад хариулт авлаа.

-Уг үйл ажиллагааг аль нэг намын санхүүжилтээр зохион байгуулж байсан гэдэг нь үнэн үү?

-Тийм зүйл байхгүй.

- Нийгэмд ямар нэгэн хор хохирол учирсан уу?

-Үгүй.

-Үүрэн телефоны компаниудыг шалгах уу?

-Зарим нэг компанийг шалгана.

-800 орчим иргэнийг одоо хэрхэх вэ?

-Шалгалт эд хийгдэж байна. Бичиг баримттай холбоотой асуудал шалгагдаж буй учир ямар нэгэн байдлаар ийш, тийш нь явуулахгүй. Ер нь энэ хүмүүсийг буцаагаад явуулна. Зохион байгуулсан хүмүүсийг л шалгана.