Тагнуулын ерөнхий газрын удирдлагууд яг одоо Засгийн газрын хуралдаанд оролцож өчигдөр саатуулсан БНХАУ-ын 700 гаруй иргэний талаар мэдээлэл өгөх гэж байна.
Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Тагнуулын Ерөнхий газраас яг одоо бидэнд мэдээлэл өгөх гэж байна.
Хуулийг нь чангатгах ёстой. Хууль дүрмийн дагуу хилээр нэвтэрдэг байх хэрэгтэй. Харин өчигдрийн баривчлагдсан олон хятад иргэн визний ямар ангиллаар орж ирсэн нь одоо л тодорхой болох байх. Хэргийн газарт яагаад тийм их гар утас, компьютер байсныг олж тогтоох ёстой.
Үнэнийг хэлэхэд манайх "Ардчилал" нэрээр 30 жилийн турш бүх зүйлийг задгайруулсны шинж энэ. Тэрний хор уршиг гарсаар байна. Цаашдаа энэ хэвээр байвал гадныхан ирээд дураараа дургидаг улс болж хувирах юм байна л даа” гэсэн юм.
Тагнуулын ерөнхий газраас Засгийн газарт хаалттай мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр төлөвлөж байгаа аж.
Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн газраас өчигдөр /2019.10.29/ нэр бүхий дөрвөн зочид буудалд ажиллагаа явуулж цахим гэмт хэрэг үйлдэж байсан байж болзошгүй БНХАУ-ын 700 гаруй иргэдийг саатуулж, тэдний хэрэглэж байсан өндөр хүчин чадал бүхий 1000 орчим компьютер, 10 мянган гар утасны дугаарыг хураасан билээ.