Өмнөговь аймагт ШУТИС-ийн харьяа жишиг сургууль байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ

Өмнөговь аймагт ШУТИС-ийн харьяа жишиг сургууль байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ

Монгол Улсын Засгийн газар ШУТИС-ийн харьяа сургуулийг сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор хэлбэрээр Өмнөговь аймагт байгуулахаар шийдвэрлэсэн. Тэгвэл тус сургуулийн албан ёсны нээлт өнөөдөр /2022.10.11/ боллоо.

ШУТИС-ийн харьяа Өмнөговь технологийн дээд сургууль нь CDIO стандарт арга зүйг нэвтрүүлсэн, дотоод, болон гадаадад магадлан итгэжлэгдсэн хөтөлбөрүүдээр оюутан сургах юм байна. Тус сургууль нь дээд боловсролын салбарын хөгжлийн нэгэн шинэ алхам болж, их сургуулийг сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх анхны бөгөөд жишиг сургууль болох юм. Энэ хичээлийн жилд тус сургууль

  • Уул уурхайн ашиглалтын технологи
  • Мэдээллийн технологи
  • Газрын тосны инженер
  • Цахилгааны инженер

гэсэн дөрвөн мэргэжлээр 120 оюутан элсүүлж Улаанбаатар хотоос гадна 10 аймгаас оюутнууд ирж суралцаж байгаа бол ШУТИС-ийн 10 багш Өмнөговь аймаг руу шилжин, харьяа сургуульд багшилж буй аж. Түүнчлэн шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ШУТИС-ийг Өмнөговь аймагт байгуулахаас гадна Дархан-Уул, Орхон, Төв аймагт үндэсний хэмжээний их сургуулиудыг цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх ажил ч цаашид хурдацтай үргэлжлэх болно хэмээн Боловсрол Шинжлэх Ухааны Яамнаас мэдээллээ.