Өнгөрөгч есдүгээр сарын 29 /2022.09.29/-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-ын дарга Д.Дэлгэрсайхан “иргэд гадаад паспорт захиалахдаа "цээж зураг"-аа УБЕГ-ын ажилтнаар авхуулж байх" шийдвэрийг гаргасан байдаг. Түүний энэ шийдвэр 2022 оны есдүгээр сарын 30-ны /2022.09.30/ өдрөөс эхлэн хэрэгжиж эхлээд байгаа юм. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.
Тодруулбал, өмнө нь гадаад паспорт, иргэний үнэмлэх, 16-аас доош насны хүүхэд төрсний гэрчилгээ зэрэгт ашиглах "цээж зураг"-аа өөр зурагчнаар даруулж холбогдох баримт бичгийн хамт бүрдүүлж очдог байсан бол есдүгээр сарын 30-ны өдрөөс Улсын бүртгэлийн хэлтсүүд иргэдийн "цээж зураг"-ыг зөвхөн өөрсдөө авч эхэлсэн байгаа юм. Тэгвэл уг шийдвэртэй холбогдуулан Улсын бүртгэлийн газруудад ачаалал үүсэж, иргэд "цээж зураг"-аа авхуулахын тулд олон цагийн дараалал үүсгэн зогсох болжээ. Иймд бид энэ удаа Улсын бүртгэлийн газруудад үүсээд буй нөхцөл байдлыг сурвалжиллаа.
ВИДЕО:
Дээрх үйлчилгээг авахын тулд иргэд дараалалд зогсох дугаараа автомат машинаас авдаг. Бид өдрийн хоёр цагийн орчимд буюу хүний хөл хөдөлгөөн харьцангуй бага байх үеэр Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн газар очсон юм. Улмаар гадаад паспорт авах үйлчилгээний дарааллын дугаар авахад “таны өмнө 72 үйлчлүүлэгч байна” гэж байлаа. Энэ нь би үйлчилгээ авахын тулд ойролцоогоор 2 цаг орчим дараалалд зогсох шаардлагатай гэсэн үг. Учир нь хэдийгээр би дарааллын дугаараа авсан ч давхар цээж зураг авах хэсэгт дараалалд зогсоно. Ингэснээр зурагчин миний зургийг авч, янзалж системд оруулснаар би дахин бүртгэлийн ажилтантай уулзахаар дугааргүй дараалалд зогсох аж.
Гэвч би яагаад заавал энэ дугаарыг авч олон цаг дараалалд зогсох ёстой вэ гэвэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан энэхүү шийдвэрийг гаргаж, иргэдийг гурван цаг дараалалд зогсоохдоо тэднийг гуравхан минутад мэргэжлийн зурагчнаар ердөө 5000 мянган төгрөг төлж өөрсдөө зургаа бэлдэж авч ирэх сонголтыг ч үлдээгээгүй байна.
Иймд бид цээж зургаа авхуулахаар дараалалд зогсож байгаа иргэдээс тодруулахад, “Өглөөнөөс хойш одоо л арай дээр болж байна. Бид гадаад паспортын цээж зургаа гадаа байдаг мэргэжлийн зурагчнаар авхуулж ирсэн юм. Ингээд дараалалд зогсож зогсож бүртгэлийн ажилтан дээр очиход ийм зураг болохгүй манайх заавал өөрсдөө авдаг болсон. Та зургаа даруулж ирнэ үү гэж байгаа юм. Харин цээж зураг даруулахад нь дараалал байхгүй хэн хэзээ түрүүлж очно тэр нь л түрүүлж ордог юм байна. За тэгээд зургаа авхуулаад дахин хамгийн сүүлд дараалан зогсоно. Ёстой нэг заваарсан юм болж байна. Ядаж өмнөх зарчмаараа явбал орж ирээд нэг газраа дараалж байгаад хурдан үйлчлүүлмээр байна” гэсэн юм.
Ийнхүү УБЕГ богино хугацаанд уг шийдвэрийг гаргаж зургаа өөрсдөө авдаг болсноор мэдээлэл авалгүй цаг хугацаагаа зохицуулж ирсэн иргэдийн цагийг үрэх дахин дараалах, гадаад паспорт авах гэж буй бага насны хүүхдээ заавал авч ирж зураг авхуулахаас эхлээд иргэдэд нэлээд хүндрэл үүсжээ. Түүнчлэн угаас мэргэжлийн зурагчин биш бүртгэлийн ажилчид цээж зураг авах болсноор алдаа гаргаж иргэдийг дахин дахин дараалалд зогсоох нөхцөлийг үүсгээд буй аж. Угтаа бол бид цахим үндэстэн болно хэмээн төрөөс холбогдох ажлуудыг хэрэгжүүлдэг. Гэвч иргэдэд чирэгдэлтэй энэ мэт шийдвэрийг улсын байгууллага гаргасаар байгаа юм.