Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Ханыг хүлээн авч уулзжээ.
Уулзалтаар талууд:
Монгол Улс Насан туршийн суралцахуйн үндэсний хөтөлбөрийг боловсруулахаар төлөвлөж буй. Энэ хүрээнд ЮНЕСКО-гоос бодлогын болон техникийн дэмжлэг үзүүлж, Насан туршийн суралцахуйн хүрээлэнгийн хоёр шинжээч манай улсад ажиллана. Боловсролын салбар дахь мэдээлэл, харилцаа холбооны технологийн бодлого боловсруулах чиглэлд ЮНЕСКО-гоос онцгойлон анхаарч байгаа юм. Huawei-тэй хамтарсан “Ухаалаг анги” төслийг хэрэгжүүлэхэд 1,000,000 ам.долларын төсөв шаардлагатай. Үүнд Huawei Mongolia дэмжлэг үзүүлж, 200,000 ам.долларын санхүүжилт олгох боломжтой аж.
ЮНЕСКО-гийн холбоот сургуулиудыг Монголын холбоот сургуулиудтай холбон, туршлага солилцох чиглэлд ажиллана. Боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд ЮНЕСКО-гийн хоёрдугаар зэрэглэлийн төвийг Монгол Улсад байгуулах саналтай байгаагаа мэдэгдсэн. ЮНЕСКО-гийн тэнхимүүд болон их сургуулиудын хамтын ажиллагааны сүлжээг Монголд байгуулахыг санал болгов.
Боловсролын багц хуулийн төслийг ЮНЕСКО-гийн зөвлөмжийн хүрээнд боловсруулсан бөгөөд энэхүү сайн туршлагыг таниулах хүсэлтэй байна. Энэ онд хүүхэд бүрийг цэцэрлэгт бүрэн хамруулах, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах арга хэмжээ авч ажиллаж байна. Уг туршлагыг ЮНЕСКО-той хамтран сурталчлах саналтай байгааг харилцан ярилцав.