Улсын гадаад өр энэ оны эхний хагас жилд 33.3 тэрбум ам.доллар болов

Улсын гадаад өр энэ оны эхний хагас жилд 33.3 тэрбум ам.доллар болов

Улсын нийт гадаад өр энэ оны эхний хагас жилд 33.3 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеийнхээс 271.5 (0.8 хувь) сая ам.доллароор нэмэгдэж, өмнөх улирлынхаас 545.1 (1.6 хувь) сая ам.доллароор багассан байна.

Нийт гадаад өрийн 12.1 (36.5 хувь) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 9.2 (27.6 хувь) тэрбум ам.доллар нь бусад салбарынх, 8.1 (24.2 хувь) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 2.5 (7.5 хувь) тэрбум ам.доллар нь Төв банкных, 1.4 (4.2 хувь) тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх аж.

Улсын нийт гадаад өр энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдэхэд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 156.3 (1.3 хувь) сая, бусад салбарынх 470.3 (5.4 хувь) сая, Төв банкных 244.7 (10.9 хувь) сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 191.5 (12.1 хувь) сая, Засгийн газрын гадаад өр 408.6 (4.8 хувь) сая ам.доллароор багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 

Засгийн газрын нийт өр энэ оны эхний хагас жилд 28.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (5.3 хувь) их наяд, өмнөх улирлынхаас 980.9 (3.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Засгийн газрын дотоод өр энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 514.3 (49.2 хувь) тэрбум, өрийн баталгаа 14.6 (1.5 хувь) тэрбум, барих-шилжүүлэх төрлийн концесс 270.7 (35.5 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, гадаад өр 2.2 (9.2 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ.  

Засгийн газрын энэ оны эхний хагас жилд нийт өрийн 26.6 (93.1 хувь) их наяд төгрөг нь гадаад өр, 531.8 (1.9 хувь) тэрбум төгрөг нь дотоод өр, 940.7 (3.3 хувь) тэрбум төгрөг нь Засгийн газрын өрийн баталгаа, 491.8 (1.7) тэрбум төгрөг нь барих-шилжүүлэх төрлийн концесс тус тус эзэлж байна.

Засгийн газрын нийт өрөөс энэ оны эхний хагас жилд үндсэн төлбөрт 381.5 тэрбум, хүүгийн төлбөрт 108.5 тэрбум төгрөг төлөгджээ. Үндсэн төлбөрийн төлөлт өмнөх оны мөн үеийнхээс 511.5 (57.3 хувь) тэрбум, хүүгийн төлбөр өмнөх оны мөн үеийнхээс 234.3 (68.3 хувь) тэрбум төгрөгөөр багассан аж.