Дэлхийн багш нарын өдрийг өнөөдөр тэмдэглэж байна

Дэлхийн багш нарын өдрийг өнөөдөр тэмдэглэж байна

Дэлхийн багш нарын 28 дахь, Монголын багш нарын 56 дахь удаагийн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг ЮНЕСКО-гоос Дэлхийн багш нарын өдөр болгон 1994 онд зарласан.

Монгол Улс Багш нарын баярыг 1966 оноос 2 дугаар сард тэмдэглэж ирсэн бөгөөд Засгийн газрын 2013 оны 412  дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд Монголын багш нарын өдрийг жилийн бүрийн  10 дугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулсан юм. Багш нарын баярын өдрийг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэдэг уламжлалтай.

ЮНЕСКО 2022 оны багш нарын өдрийг "Боловсролын өөрчлөлт багшаас эхэлнэ" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэжээ. Уур амьсгалын өөрчлөлт, цар тахлын нөхцөл байдал, дижитал шилжилт зэрэг олон шалтгааны улмаас боловсролыг хувирган өөрчлөх шаардлага тулгарч байна. Энэ өөрчлөлтийг багш нар л хийж чадна гэж дэлхий нийт зарлаж байна.

Монгол Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд боловсролын 2,389 байгууллага сургалтын үйл ажиллагаа явуулсан бөгөөд эдгээрт нийт 99.4 мянган багш, ажиллагчид ажилласан байна. Тэдний 31 мянга нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагад, 56.2 мянга нь ерөнхий боловсролын сургуульд, 12.2 мянга нь их, дээд сургууль, коллежид ажиллаж байна. Бүх шатны сургуульд ажиллаж буй нийт багш, ажилтнуудын 84.5 мянга нь төрийн өмчийн 14.9 мянга нь хувийн өмчийн сургуульд ажилладаг.