Монгол Улс "Хөгжиж буй зах зээлийн Frontier Market" ангилалд албан ёсоор орлоо

Монгол Улс "Хөгжиж буй зах зээлийн Frontier Market" ангилалд албан ёсоор орлоо

Олон улсад хөрөнгийн зах зээлийн индексийг тодорхойлогч Их Британийн FTSE Russell компани 2022 оны есдүгээр сарын 29-ний өдөр FTSE Russell группээс Хөгжиж буй зах зээл (Frontier Market) ангилалд албан ёсоор орсон талаар мэдээллээ.  

FTSE Russell компани нь улс орнуудын хөрөнгийн зах зээлийг олон төрлийн техник шалгуураар үнэлгээ өгдөг бөгөөд тухайн улсыг албан ёсоор ангилалд хамруулахаас өмнө нэг жилийн хугацаанд “Ажиглалтын жагсаалт”-д оруулдаг. Монгол Улсын хувьд анх 2012 онд FTSE Russell-с гаргадаг Хөгжиж буй зах зээл (Frontier Market) ангиллын “Ажиглалтын жагсаалт”-д орж байсан боловч төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмыг нэвтрүүлээгүй, арилжаанд оролцохын тулд мөнгөн хөрөнгийг 100 хувь урьдчилан байршуулдаг, түүнчлэн олон улсын кастодиан банк байхгүй зэрэг шалтгааны улмаас 2017 онд Хөгжиж буй зах зээлийн ангилалд орж чадалгүйгээр “Ажиглалтын жагсаалт”-аас хасагдаж байсан юм. 

FTSE Russell-с гаргадаг энэхүү ангилалд Монгол Улс орсноор манай улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч, мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах, зах зээлийн арилжааны идэвх, хөрвөх чадварыг нэмэгдүүлж, хөгжлийг хурдасгах нөхцөл бүрдэх чухал ач холбогдолтой аж.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо