БНСУ-д болсон 13 орны дипломатчидын аялалд Монголын элчин сайд Э.Сарантогос багтаж, нүүрний мэс засал хийлгэсэн талаар онцолжээ

БНСУ-д болсон 13 орны дипломатчидын аялалд Монголын элчин сайд Э.Сарантогос багтаж, нүүрний мэс засал хийлгэсэн талаар онцолжээ

Есдүгээр сарын 30 /2022.09.30/-ны өдөр БНСУ-ын Кёнсанбүг мужийн Андун хотын Андун эмнэлгийн аялал жуулчлалын хөтөлбөрт БНСУ-д суугаа 13 орны дипломатууд болон тэдний гэр бүлийнхэн хамрагдсан талаар Солонгосын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, нэг шөнө хоёр өдрийн аялалд Грек, Монгол, Серби, Словени, Алжир зэрэг 13 орны дипломат ажилтнууд болон тэдний гэр бүлийнхэн Андун хотын аялал жуулчлалын томоохон газруудаар аялан, Андунгийн эмнэлгээр эмчлүүлсэн байна. Нийт 20-иод дипломат ажилтан гэр бүлийн хамт Андунгийн олон улсын бүжгийн наадмын нээлтийг үзэж, зочид буудалд байрлан тус эмнэлгийн олон улсын эрүүл мэндийн төвд үзлэгт хамрагджээ. Ингэхдээ хүйс, насны онцлогт тохируулан үндсэн шинжилгээ, хавдрын маркерын шинжилгээ, ясны нягтрал, гоо сайхны мэс заслын эмчилгээ, шүдний үзлэг зэргийг багтаасан аж.

Харин тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос нь гоо сайхны мэс засал хийлгэж, хагалгаанд орсныхоо дараа "Элчин сайдын яамны ажилчид намайг танихгүй байх вий гэж санаа зовж байна. Дараа нь хүүхдүүдтэйгээ Солонгост аялахаар төлөвлөж байгаа” гэсэн талаар Солонгосын хэвлэл онцолжээ.

Мөн тэрбээр эрүүл мэндийн үзлэгт хамрагдсаны дараа “Андун эмнэлгийг Монголын эрүүл мэндийн байгууллагатай холбож, эмч мэргэжилтнүүдийг сургах, солилцох төлөвлөгөөг гаргана” гэжээ. 

Харин Алжираас Солонгост суугаа Элчин сайд Мохамед Бенсабри "Дараа нь гэр бүлийнхэнтэйгээ дахин аялахаар ирнэ. Энэхүү үзлэгт хамрагдсанаар биеийн болоод сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалсан сайхан боломж байлаа” гэжээ. Мөн Солонгост суугаа Грекийн Элчин сайд Екатерини Рупас "Миний эрүүл мэндийн тал дээр санаа зовох зүйл байхгүй. Эрүүл мэндийн үзлэгийн хариуг мэргэжлийн эмч нартай зөвлөлдөх боломжтой болсондоо сэтгэл хангалуун байна” гэсэн байна. Андун эмнэлгээс мэдээлэхдээ, “Сүүлийн үед коронавирусийн улмаас гадаад өвчтөний тоо буурсан хэдий ч Солонгос дахь дипломат төлөөлөгчийн газрын эрүүл мэндийн аялал нь гадаадад байгаа өвчтөнүүдийг татах боломж болно гэж бид найдаж байна” гэжээ.

Эх сурвалж: Newsis