Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ХҮЙТЭРЧ, цасан шуурга ШУУРНА

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ХҮЙТЭРЧ, цасан шуурга ШУУРНА

Өнөөдөр /2022.10.02/ нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар тогтвортой хүйтрэх тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдахыг онцгойлон анхааруулж байна. 

Маргааш буюу энэ сарын 3-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 5-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 

Салхи энэ сарын 3-нд говь, талын нутгаар, энэ сарын 6-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 13-18  градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.