АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож байна. Тэрээр Ерөнхий Ассамблейн 77-р чуулганы ерөнхий санал шүүмжлэлийн хуралдаанд үг хэлэх үеэрээ, “Монгол Улс энхийг эрхэмлэсэн гадаад бодлого баримталж ирснийг онцолж, цөмийн зэвсэглэлээс ангид байхыг уриалсан” байна.
Мөн тэрээр энэ үеэрээ Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен-тэй уулзжээ. Тус уулзалтын талаар Европын Комиссын Ерөнхийлөгч өөрийн твиттер хуудастаа, “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж байгаадаа баяртай байна. Европын холбоо нь Монгол Улстай нийтлэг үнэт зүйлд суурилсан бат бөх харилцааг хөгжүүлж байна. Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, ялангуяа салхи, нар, усан цахилгаан станцыг хөгжүүлэхэд бэлэн байна” гэжээ.
Glad to meet @UKhurelsukh of Mongolia.
— Ursula von der Leyen (@vonderleyen) September 20, 2022
The EU is developing a solid relationship with ?? based on common values.
We are ready to help diversify the economy of Mongolia, especially towards wind, sun & hydropower. #GlobalGateway can support ?? on the path to a greener future. pic.twitter.com/0Wufg1KVRE
Үүнийг зарим шинжээчид, “Европын холбоо /ЕХ/ сэргээгдэх эрчим хүч ашиглаж, Оросоос цахилгааны хувьд хараат бус болоход нь Монгол улсад дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдлээ” хэмээн тайлбарлаж байна.
Сонирхуулахад, манай улс оройн цагаар эрчим хүчээ ОХУ-аас олон сая ам.долларын өртгөөр авдаг бөгөөд цахилгаанаа дотооддоо үйлдвэрлэж бүрэн хангадаг болохын тулд Эгийн голын усан цахилгаан станцаа барих гэсэн ч Оросын тал "Байгал нуурын экологийн аюулгүй байдал" гэсэн шалтгаанаар ЮНЕСКО-д хандах зэргээр бүтээн байгуулалтын ажлыг зогсоогоод байгаа юм.