Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт өнөөдөр /2022.09.15/ Узбекистаны Самарканд хотод эхэлж байна. Уг уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцохоор өчигдөр /2022.09.14/Самарканд хотод ирсэн. Тэрбээр ирсэн даруйдаа Узбекистан улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевтэй албан ёсны уулзалт хийж, ойрын үед Элчин сайдын яамаа нээн ажиллуулах талаар санал зөвлөлдсөн.
ВИДЕО:
Харин өнөөдөр /2022.09.15/ Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдагонтой уулзах юм. Хамгийн чухал нь ковидын нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн хоёр жилд завсарлаад байсан зургаадугаар “гурван талт” уулзалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай хийнэ. Тус уулзалтыг гурван улсын Ерөнхийлөгч ээлжилж даргалдаг бөгөөд энэ жил ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд тус үүрэг оногдож байна. Манай талаас уулзалтад чухам ямар асуудлыг ярих нь олны анхаарлыг татаж байгаа.
Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд;
- “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”, Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийн хэрэгжилтийн талаар ярилцана. Хийн хоолойн төслийн хувьд техник, эдийн засгийн үндэслэл нь батлагдсан.ОХУ, Монгол улс уг төслийн талаар идэвхтэй харилцаж байгаа. Харин БНХАУ ажиглалтын байдалтай байж байгаад сүүлийн үед идэвхтэйгээр сонирхлоо илэрхийлэх болсон.
- Түүнээс гадна Монголыг транзит улс болгох буюу Ази, Европыг холбосон төмөр зам, авто замын сүлжээг бий болгох асуудлыг манай талаас хөндөх аж.
- Мөн төмөр замын төв конторыг шинэчлэх хүрээнд Ханги-Зүүнбаян төмөр замын хил холболтын цэгийг БНХАУ-ын төмөр замын нэгдсэн сүлжээнд холбох, гурван улсын хоорондын хурдны замын асуудал, аялал жуулчлалын коридор байгуулах асуудлыг ч хөндөж магадгүй гэх мэдээлэл байна.
Ташрамд дурдахад, манай улс 2004 оноос хойш ШХАБ-т ажиглагчийн статустайгаар оролцох болсон. Энэ удаад ч тус статусаа хадгалж уг хуралд уламжлалын дагуу оролцох юм.