Д.Амарбаясгалан: Замын-Үүд-Эрээний авто тээвэр бүрэн зогсож, төмөр замын тээврийн ачаалал нэмэгдсэн

Д.Амарбаясгалан: Замын-Үүд-Эрээний авто тээвэр бүрэн зогсож, төмөр замын тээврийн ачаалал нэмэгдсэн

УБТЗ-ын Удирдах газарт тус байгууллагаас ачаа тээврийн нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурал хийж Тээвэр хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Цементийн тээврийг гурван өртөөнөөс ачиж, хотын хоёр өртөөнд буулгадаг. МАК, Хөтөл, Монцемент өдөр бүр бидэнд галт тэрэгний захиалга өгч байгаа. Тээврээс шалтгаалан цемент тасарч үнэ өсөөгүй. Бид захиалсан тоогоор 24 цагийн турш галт тэргээр ханган, шуурхай хүргэлт хийж журмын дагуу ажиллаж байгаа. Харин Цементийн зарим үйлдвэр уутгүй болсон, тоног төхөөрөмж эвдэрсэн. Салбар замуудын галт тэрэг хүлээн авах хүчин чадал өөр өөр байдаг. Энэ нөхцөл байдлын талаар өнгөрсөн долоо хоногт ЗТХЯ-нд цементийн тээврийн асуудлаар хурал болж, бид бодит байдлаа, вагон  эргэлт удааширсан талаар танилцуулсан. Мөн УБТЗ нийт 84 өртөө зөрлөгтэй. Үүний 39 өртөөнд ачааг ачиж, буулгадаг. Найман өртөө чингэлгийн тээвэрт нээлттэй байгаа. БНХАУ-ын Тяньжин боомтод манай олон тооны чингэлэг энэ оны 1-2 дугаар сард гацсан. Бид 10 мянган чингэлгийг татан авсан. Одоо тус боомтод 1400 орчим чингэлэг байгаа нь хэвийн тоо.

Нийслэлд байгаа 14 терминалын 12-т нь гаалийн хяналтын бүс бий. Наадмын үеэр ачаа олгоогүй. Гааль, УБТЗ уртасгасан цагаар ажилласан. Гэвч хүмүүс ачаагаа ирж авахгүй, санхүүгийн гачигдлын улмаас гаалийн бүрдүүлэлтээ хийдэггүй, ачаа удаадаг, залгахаар утсаа авдаггүй. Зарим нь зээл хүлээж байна гэдэг. Эдгээр ачаагаа хурдан аваач гэж уриалж байна. Ачаа бөөгнөрчихлөө.

Эрээнд цар тахлын хөл хорионы улмаас манай талаас цөөн галт тэрэг хүлээж авдаг болсноор хоосон чингэлгийн бөөгнөрөл үүсээд байсан. Тиймээс Авто худалдааны талбайд чингэлэг байршуулан, зай талбай гаргах ажил хийж байна. Сайн мэдээ гэвэл энэ даваа гарагаас хөдөлгөөн эрчимжиж, Замын-Үүд-Эрээний авто тээвэр бүрэн зогссон тул төмөр замын тээврийн ачаалал нэмэгдсэн” гэлээ.

LIVE: