Эрээн хотын хэмжээнд шалгалт хийж, халдвар гайгүй бол хөл хориог өнөөдөр цуцлах боломжтой гэжээ

Эрээн хотын хэмжээнд шалгалт хийж, халдвар гайгүй бол хөл хориог өнөөдөр цуцлах боломжтой гэжээ

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан БНХАУ-ын талаас хил гаалийн хяналтыг чангаруулсан. Манай улсын импортын гол цэг болох Замын-Үүд-Эрээний боомтыг хоёр улсын харилцан тохирооны дагуу энэ оны  нэгдүгээр сарын 11 ний өдрөөс нээж, автозамын чингэлэг ачаа тээврийг нэвтрүүлж байна.

Өнгөрсөн наймдугаар сарын 20-ны өдрөөс БНХАУ-ын Эрээн хотод корона вирусын халдварын тоо нэмэгдсэн тул тус хотод хөл хорио тогтоосон. Үүнээс шалтгаалан боомтын ачаа тээвэр нэвтрүүлэх ажилд хүндрэл гарч, чингэлэг тээврийн тоо хэмжээ тодорхой хэмжээнд буурчээ.

Одоогоор сард импортлогдож буй чингэлэгийн тоо хэмжээ харилцан адилгүй байна. Тухайлбал өнгөрсөн долдугаар сард 3062 ачаа тээврийн чингэлэг импортлогдсон бол наймдугаар сард 2450 чингэлэг импортлогджээ. Харин есдүгээр сарын эхний 10 хоногийн байдлаар 850 чингэлэг нэвтэрчээ. Хятадын талаас өнөөдөр буюу есдүгээр сарын 12-нд Эрээн хотын хэмжээнд шалгалт хийж, халдвар гайгүй бол хөл хориог цуцлах боломжтой гэдэг мэдээллийг гаргаж байна.

Энэ талаар Замын-Үүд дэх гаалийн газрын дарга О.Цэенрэгзэн "Хил нээгдсэнээс хойш манай талаас экспорт мөн ямар нэгэн саадгүй хийгдэж байна. Долдугаар сараас Замын-Үүдийн боомтоор нүүрсний экспорт хийгдэж эхлэх үед өдөрт дунджаар 10 орчим чингэлэг бүхий нүүрс тээвэр хийгдэж байсан бол, наймдугаар сараас өдөрт 40 орчим машин гарч байна. Одоогоор мөн төмрийн хүдрийн экспорт нэмэгдсэнээр уул уурхайн бүтээгдэхүүнээс олох орлогын хэмжээг нэмэгдүүлж байна" гэлээ. 

Харин Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Д.Цолбаяр "Чингэлэг тээврийн ачаа нэвтрүүлж эхэлсэнээс хойш тээвэртэй холбоотой зөрчил нэлээд нэмэгдсэн. Тухайлбал захиалагч тал өөрсдийн биеэр хил нэвтрэх боломжгүй зэрэг шалтгаанаас болж өнгөрсөн хугацаанд 331 зөрчил илэрсэнээс, 10 зөрчилд хэрэг бүртгэл нээж, хуулийн байгууллагад шилжүүлсэн. Энэ хүрээнд есдүгээр сарын байдлаар 490 сая төгрөгийн торгууль тавьж, 750 сая төгрөгийн татварыг улсад нөхөн төлүүлсэн мэдээтэй байна" гэв. 

Замын-Үүдийн боомтоор өргөн царигийн галт тэргээр өдөрт 12-13 чингэлэг цаашаа гарч байгаа бол нарийн царигаар 7 цуваа манай тал руу нэвтэрч байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй боомтын сэргэлт хөтөлбөрийн хүрээнд Замын-Үүдийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, ачаа тээврийн терминалыг шинэчлэх ажил хийгдэж байгаа юм. 2019 оноос эхэлсэн уг ажлын хүрээнд хоёр улсын ачаа тээврийн эргэлт, хүчин чадал өмнөх  үеэс 4 дахин нэмэгдэх юм.